Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүсийг даваа гарагт хүлээн авч уулзсан нь олон нийтийн анхаарлын төвд байна. Даваа гаргийн энэ уулзалтын талаар “Financial times”, “Reuters”, “Bloomberg” зэрэг дэлхийн томоохон агентлагууд онцлон мэдээлжээ.
Уулзалтаас хоёр гол агуулга олон нийтэд хүчтэй хүрэв. Нэгдүгээрт, “Рио Тинто”-гийнхон Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн хүрээнд тодорхой саналтай ирсэн боловч тэдгээр нь учир дутагдалтай байгаа тул хүлээн авах боломжгүй гэдгийг Ерөнхий сайд шууд хэлжээ. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2 дахь заалт, УИХ-аас 2025 оны 12-р сард Оюу толгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс дөрвөн үндсэн шаардлага тавьж байгаагаа мэдэгдсэн байна.
Ерөнхий сайд “Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг” гэдгийг хөрөнгө оруулагчдад сануулж, “Харилцан ашигтай байх” зарчим “Оюу Толгой” төсөлд алдагдсан гэдэг 2009 оны байр суурь дээрээ одоо ч баттай зогсож байгаагаа дахин илэрхийлсэн. Тиймээс бариад ирсэн саналынх нь хариуд шаардлага тавиад явуулав. Г.Занданшатар 2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан юм. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Оюу толгойн гэрээг сайжруулах, зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүлж, энэ талаарх байр сууриа илэрхийлэн “Рио Тинто” компанийн удирдлагуудад захидал бичсэн. Энэ бүхний үр дүнд “Оюу Толгой” төслөөс Монголын талын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр хоёр тал санал нэгдээд буй.
Тиймээс Засгийн газар “Рио Тинто”-гоос ахиц дэвшилтэй, ашигтай, үр өгөөжтэй хувилбар л хүлээж байгаа. Тэдний барьж ирсэн санал энэ хүлээлтэд хүрээгүй учир дахин нэмэлт шаардлага буюу “гэрийн даалгавар” өгчээ. Тодруулбал, “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах, Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах гэсэн дөрвөн үндсэн шаардлага юм.
Товчхондоо, өнгөрсөн 20 жилийн хугацаанд олон нийт шаардаж, парламентын түвшинд хэд хэдэн удаа ажлын хэсэг байгуулан ажиллуулж байсан Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал Г.Занданшатарын тавьж буй хатуу шаардлагын үр дүнд баялгийн хараал биш ерөөл болох эхлэл тавигдав. Тэрбээр монгол хүн баялагтаа эзэн болох, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох тухай Үндсэн хуулийн зарчмыг амилуулах хатуу байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа. Даваа гарагийн уулзалтын үеэр ч “Рио Тинто”-гийн удирдлагуудад энэ талаар сануулжээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна