Б.Чойжилсүрэнг Б.Найдалаагаар сольж, "гал" ихтэй эрчим хүчний салбарыг ХҮН-д атгуулах сураг

Zuv.mn
1 цаг 38 минутын өмнө

Засгийн газар өнөөдөр хуралдуулахаар зарлаад байсан ээлжит бус хуралдаанаа цуцалжээ. Засгийн газар хурлаар ямар асуудал хэлэлцэх гэж байгаагаа зарлахгүй байсаар цуцалсан ч “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр хоёр огцрох өргөдлөө өгсөн. Маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар авч хэлэлцэнэ. Мөн АН-ын шаардлагаар дэд сайдуудыг цомхотгох асуудлыг хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл аль хэдийнэ хэвлэлээр гарчихсан байсан юм. Б.Чойжилсүрэнг солих бол Ерөнхий сайд, эрх баригч намын бүрэн эрхийн асуудал тул анхаарал татах юм байгаагүй. Харин П.Наранбаяр сайдын оронд ХҮН-ээс сайд томилох эсэх асуудал илүү анхаарал татаж байсан юм. Учир нь ХҮН-ээс сайд томилохгүй бол Засгийн газар “Эвслийн” тодотголоо гээж, 2024 оны сонгуулийн дараа Ц.Даваасүрэн гишүүний хэлдгээр хуулиа баталж чадахгүй айдалд хүрэх эрсдэлтэй байсан юм.   

Тэгвэл сүүлд авсан мэдээллээр, П.Наранбаярын оронд ХҮН намаас сайд томилно, гэхдээ Боловсролын салбарт биш, Эрчим хүчний салбарыг удирдуулах хувилбар дээр тогтож байгаа бололтой. Тодруулбал, Б.Чойжилсүрэнгийн оронд Б.Найдалаагаар сайд тавих асуудал хүчтэй яригдаж байгаа аж.

ХҮН нам эрчим хүчний салбарын шинэчлэлд эхнээсээ идэвхитэй оролцож, Үндэсний хороо гэж бүтэц байхад гол цөмийг нь бүрдүүлж байсан. Т.Доржханд Саудын Арабын компаниас эхний ээлжинд нэг тэрбум, цаашид 10 тэрум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломж үүсгэсэн нь “Коп 17”-гийн үеэр албажих магадлал өндөр байгаа гэх мэтээр энэ саларт амбийц ихтэй.

Тиймээс Ерөнхий сайд гал ихтэй Эрчим хүчний салбараа ХҮН намд атгуулах, нэг талаар ажил хийлгэх, нөгөө талд галаас зугтах боломжийг олж харсан байж ч болох юм. Ямартай ч Эвслийн Засгийн газар хадгалагдана, П.Наранбаярыг татах ч оронд нь Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа орж ирэх асуудал яригдаж байгааг эх сурвалж хэлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна