МУГЖ Т.Ариунаа: Эрчүүд минь ээ, элэг бүтэн байхын тулд өөрсдийгөө хайрлаарай

Т.Отгонсувд
2 цаг 25 минутын өмнө

“Монгол эр хүн” үндэсний III чуулган өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдлаа. Энэ үеэр тус чуулганд илтгэл тавьж, оролцсон МУГЖ Т.Ариунаатай уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Монгол эр хүн, эрчүүдийн онцлог, анхаарах асуудлуудыг та их хөнддөг. Өнөөдөр тавьсан илтгэлийнхээ талаар товчхон ярьж өгнө үү?

-Монгол эрчүүдийн дийлэнх нь даруу төлөв зантай. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн уужуу ухаан Монгол эрчүүдэд бий. Ялангуяа бидний үе, биднээс дээш үеийн эрчүүдэд энэ эрдэм шингэж, удамшиж ирсэн гэж хардаг. Эр нөхрөөсөө, үр хүүхдүүдээсээ харахад "За болно доо, болгоно доо, удахгүй шийднэ ээ" гээд явдаг амар тайван хүмүүс. Монгол эр хүнд дараах таван шинж байгаасай гэж бодож явдаг.

Нэгдүгээрт, шийдвэр гаргахдаа Монгол эрчүүд уужуу ухаанаар ханддаг чанар удамшиж иржээ гэж хардаг.

Хоёрдугаарт, хатан зоригтой байх. Одоо цагт үйлийн хэцүүд үл цуцаж чадаж байна уу гэдгээр хэмжигдэж байх шиг байна.

Гурвдугаарт, эр хүн бол бат журамтай байх ёстой юм байна. Өвөг дээдсээс андгай, тангараг гэдэг зүйлээр уламжлагдаж ирж байжээ. Чингис хаан, Жамух хоёрын нөхөрлөлд тод томруун туссанаар нь бид мэддэг. 

Дөрөвдүгээрт, өр гэрийн түшиг байх. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү их гадаад ертөнцөд ажилладаг. Тэр утгаараа өрх гэрийн түшиг байх үүрэг нь хаягдаад байна уу даа гэж хардаг. Шинэ үеийн эрчүүд арай өөр болсон юм уу гэж анзаарч байна. Эр хүний үнэлэмжийг эмэгтэй хүн илүү тодотгож өгдөг шүү дээ.

Тавдугаарт, өрх гэрийн сүлд нь байх. Үр хүүхдүүд нь аавыгаа бидний бахархал, баатар, итгэл найдвар, зүг чиг гэж боддог. Тэгэхээр өрх гэрийн сүлд болсон эрчүүд маань үр хүүхдүүддээ ямар нөлөөлөл үзүүлэх ёстой юм бэ. Үүнийгээ яаж илэрхийлэх ёстой вэ гэхээр нээлттэй л байх ёстой. 

Манай аав нар ер нь дотогшоогоо, ээжээр нь дамжуулаад үг хэлүүлээд байдаг. Гэтэл аав хүний зангараг чухал юм билээ. Тиймээс үр хүүхдэтэйгээ нээлттэй, илэн далангуй харилцаж байгаасай гэж хүсдэг.

-Монгол аав нар, эрчүүд гэр бүлээ гэсээр өөрсдиийгөө хаячихаад байна уу даа гэж ажиглагддаг. Үүнээс үүдээд эрчүүдийн өвчлөл их, нас богино байна л даа?

-Санал нэг байна. Монгол эрчүүд маань “Би яах вэ” гээд гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулдаг. Өөрийгөө хаяад бусдыг хайрлаад зүтгээд байгааг нь хараад өрөвддөг. Монголоор дүүрэн бэлэвсэн ээжүүд байна шүү дээ.

Та нар минь өөртөө анхаарч урт удаан наслах учиртай шүү. Өөрсдийнхөө эрүүл мэндийг сахин хамгаалаарай. Эцгийн эзгүйд гэр хоосон гэдэг шүү дээ. Элэг бүтэн байхын тулд өөрсдийгөө хайрлаарай.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна