УИХ дахь хүчирхэг сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлэг МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ыг даргалах эрхгүй хэмээн үзэж, хэрвээ Х.Тэмүүжин гишүүний санаачилж өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлага тавьсан билээ.
УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын даргын статус, эрх хэмжээг хөндсөн энэ хууль батлагдвал МАН-ын дарга Н.Учрал нэг бол МАН-ын даргын ажлаа өгөх, нөгөө бол УИХ-ын даргын ажлаа өгөх хоёрын нэгийг сонгохоос өөр аргагүйд хүрэх юм. Энэ нь МАН-ын дотоодод өрнөж буй улс төрийн нөхцөл байдалд энэ нь маш том нөлөө үзүүлнэ. Шуудхан хэлэхэд Г.Занданшатарын танхимын наслалттай шууд холбоотой бөгөөд чухамдаа үүнийг маш сайн мэдэж байгаа учраас л Ардчилсан нам шаардлага тавьсан хэрэг.
УИХ бодлогын мэтгэлцээн өрнөдөг газар. Энд үзэл санаа, улс орныг хөгжүүлэх хамгийн зөв гарц, гаргалгаа, шийдэл л үнэ цэнэтэй байх ёстой гэдэг утгаараа хуралдаан даргалагч нь эрх баригч намын дарга байх нь яавч зохимжгүй, олон улсн жишиг ч тийм тул Ардчилсан намын талд том давуу тал бий. Дээр нь 42 суудалтай АН-ын бүлэг оролцоогүй Чуулганыг эрх зүйн чадамжтай гэж үзэхэд хүндрэлтэй. 84 гишүүнээр ирц бүрдүүлж хуралдах боломжтой ч том хуулиудаа батлахад хэцүү. Энэ нь Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийг хэлэлцэх боломжийг нэмэгдүүлж буй. Өөрөөр хэлбэл, гаргаж тавьсан асуудлын тухайд АН том давуу талтай байна.
Харин МАН-ын тухайд, хуулийг хэлэлцээд баталчихвал Н.Учралын сонголтоос шалтгаалаад Шинэ засаг байгуулагдах уу, Г.Занданшатар намаа авч дүрмийн зөрчилгүй Ерөнхий сайд болох уу гэх мэтээр асуудлууд ар араасаа урган гарна. Нам доторх бүлэглэлүүдийн асуудалд ч том нөлөөтэй. Тодруулал, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талынхан Н.Учралыг хурдхан Ерөнхий сайд болж, Их хурлаар өгсөн дэмжлэгийнх нь хариуг барихыг хүсэж буй.
Нөгөө талд Засгийн газар ямар ч үнээр хамаагүй Хаврын чуулганыг дуустал тэсэхээр сураг байгаа бөгөөд энэ тал дээр сөрөг хүчинтэй ямар нэгэн байдлаар тохиролцох чиглэл өгөгдсөн гэх.
Өөрөөр хэлбэл, МАН бууж өгөх ч Н.Учралыг нэн даруй намын даргаас түдгэлзүүлэхгүй байх /хуулиа батлах ч үйлчлэлийг нь хойш тавих ч юм уу/ хувилбар руу орж магадгүй гэсэн үг. Хэрвээ энэ мэдээлэл үнэн байгаад АН-д санал тавибал шаардлагадаа хэр үнэнч байж чадах вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Х.Тэмүүжин гишүүний санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн гол хоёр заалт
11.4.Улсын Их Хурлын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.
11.5.Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй.”
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.178
Хуцаарай Тэмүжин та нар хөлдүүсүүд заылцгаа
Хариулах