Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Харү башё өчигдөр өндөрлөж, Отоваяма дэвжээний бөх сэкивакэ Киришима Бямбачулууны Лхагвасүрэн Гүржийн шинэ од Аонишикигийн ёкозүна болох замыг хаан 12-3 амжилтаар түрүүлсэн билээ. Сүүлийн гурван тэмцээндээ 34 ялж, озэки цолоо эргүүлэн авахаар болсон түүний талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Тэрбээр өмнө нь “Мичинокү” дэвжээнд Кирибаяма нэрээр барилдаж байхдаа 2023 оны Харү башёд түрүүлсэн, олон мянган жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн ес дэхь монгол бөх болж байсан юм.
Б.Лхагвасүрэн 1996 онд төрсөн, энэ жил 30 настай. Мэргэжлийн сүмогийн “Отоваяма” дэвжээний бөх. 2015 онд 18 насандаа мэргэжлийн сүмод орж, 2015 оны долдугаар сарын тэмцээнд жонокүчи зиндаанд Кирибаяма Тецүо нэрээр барилдаж эхэлжээ. Анхныхаа тэмцээнд тав ялж, хоёр ялагдсан амжилтаар зиндаа дэвшсэн Б.Лхагвасүрэн дараа нь жониданд 6-1 амжилт үзүүлэн санданмэ зиндаанд дэвшиж, улмаар тус зиндаанд анхны тэмцээндээ 7-0 амжилтаар түрүүлсэн юм. Тэрбээр мэргэжлийн сүмогийн доод гурван зиндааг гуравхан тэмцээнд туулсан нь хэр баргийн аавын хүү үзүүлээд байдаг амжилт биш аж. Ер нь ирээдүйтэй гэдгээ харуулж байжээ.
Нэрийн хуудас:
Нэр: Бямбачулууны Лхагвасүрэн
Дэвжээний нэр: Киришима Тецүо
Цол: Сэкивакэ
Төрсөн огноо: 1996 оны дөрөвдүгээр сарын 24
Төрсөн газар: Монгол
Өндөр, жин: 186 см, 140 кг
Ингээд 2016 оны Хацү башёд мэргэжлийн сүмогийн хамгийн хэцүү бэрх зиндаа гэгддэг макүшита зиндаанд барилдаж, анхны тэмцээндээ гурав ялж, 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй аж. Буцаад санданмэ руугаа бууж, хоёр тэмцээний дараа /4-3, 6-1/ буцаад мазүшитадаа дэвшсэн ч гэмтэж, тэмцээн өнжсөнөөр буцаад санданмэ руугаа буув. Гэхдээ энэ удаад харин санданмэд ганц тэмцээн зарцуулаад макүшитад дэвшиж, улмаар мэргэжлийн сүмогийн дээрээсээ гурав дахь зиндаанд анх удаа 50 хувийн амжилт үзүүлсэн байна. Энд гурван жил барилдаад 2019 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшин цолтой бөх болжээ. Жүрёод харин удаагүй, яг нэг жил барилдаад 2020 оны нэгдүгээр сард макүноүчи буюу дээд зиндаанд дэвшжээ.
Дээд зиндааны анхны тэмцээндээ Б.Лхагвасүрэн 11-4 амжилт гарган шуугиулж, "Дайчин барилдааны шагнал" хүртсэн. Улмаар дараагийн тэмцээнд нь 9 ялж, юу юугүй комүсүби цолны босгонд тулаад ирсэн байдаг. Гэвч гэмтсэнээр маэгаширагийн дээд хэсэгт нэг хэсэг барилдсан юм. Комүсүби болсон ч буцаагаад алдаж байв. Харин 2022 оны есдүгээр сард комүсүби болсноосоо хойш бараг л буцааж алдсангүй. 9-6, 8-7, 11-4, 12-3, 11-4 / амжилт үзүүлсэн тэрбээр озэки болсон эхний тэмцээндээ амжилтгүй оролцсон /6-7-2/. Гэсэн ч арваннэгдүгээр сарын тэмцээнд 13-2 амжилтаар дээд зиндаанд хоёр дахь удаагаа түрүүлэн, дараагийн ёкозүна гэгдэх болсон билээ. Харамсалтай нь, энэ тэмцээний дараа амжилт нь унаж, тогтворгүй барилдах болсон юм. Гэхдээ одоо буцаад сайн тийшээ эргэж байгаа бололтой.
Японы мэргэжлийн сүмод сэкивакэ сүүлийн гурван тэмцээнд 33-аас дээш явбал озэки цол олгодог. Кирибаяма Б.Лхагвасүрэн тэгэхээр болзлоо давуулан биелүүлсэн бөгөөд озэки цолтой барилдана. Түүнчлэн, дараагийн ёкозүна болох магадлалтай бөхчүүдийн жагсаалтад хүч түрэн орж ирлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна