Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өнөөдөр /2026.03.23/ хандлаа.
Тэрбээр "Б.Энхбаяртай холбоотой 894 хуудас, дөрвөн бүлэг баримтыг шалгуулахаар АТГ-т өгч байна.
Үүнд,
Нэгдүгээрт, Бодь группын оффтейк гэрээтэй холоотой асуудал
Хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудал
Гуравдугаарт, Б.Энхбаярын авлигалтай холбоотой асуудал. Үүн дээр холбогдох гэрчүүдийн мэдээлэл, зарим нотлох баримтыг хавсаргасан байгаа.
Дөрөвдүгээрт, Б.Энхбаярын бусад авлигатай холбоотой асуудал
"Бодь интэрнэшнл ХХК-ийн төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байж байгаад үе шаттай нэмэгдэж 1.3 тэрбум ам.долларт хүрсэн"
Нүүрсний хулгай хэзээ эхэлсэн бэ, Монголын төр хэрхэн мэдсэн бэ гэдгийг эхлээд ярих нь зүйтэй.
2022 оны 10 сарын 26-нд улсын валютын нөөц 2.7 тэрбум болж, бид ханшаа алдсан. Ингээд тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар яагаад валютын нөөц багассан асуудлаар Засгийн газрын хуралдаан дээр ярьсан.
Шалтгаан нь "Эрдэнэс Тавантолгой"-гоос ачигдаж байгаа нүүрсний дийлэнх нь "Бодь" группын оффтейк гэрээтэй холбоотой. Нүүрсээ урьдчилж зарсан мэдээлэл гааль дээр байгаа мөртлөө валют орж ирэхгүй байна гэдэг асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Ч.Хүрэлбаатар сайд олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Улмаар "Эрдэнэс Тавантолгой" дээр онц байдал тогтоосон.
Ингээд Засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд "Бодь интернэшнл" ХХК-ийн төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байж байгаад үе шаттай нэмэгдэж 1.3 тэрбум ам.долларт хүрсэн.
Үндсэндээ хоёр дахин нэмэгдсэн. Энэ шалтгаанаар болон ҮАБЗ-өөр хийсэн нууц гэрээний асуудлаар түр хороо байгуулсан. Гэтэл түр хороог ахалсан Г.Ганболд, Я.Содбаатар нар зугтаад олдоохоо больсон.
Бүр Бодь группын оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг өөр зүгт хандуулж эхэлсэн. Ингээд миний бие Б.Энхбаярыг түр хороог ахлах нь зүйтэй гэж үзсэн. Б.Энхбаяр тухайн үед шударга ёс тогтоох илд бамбай баймаар байна аа гэж олон удаа хэлсэн. Үүнд нь итгээд "Бодь интернэшнл" ХХК-ийн ард авлигын асуудал байна. Чи илчилж чадах уу гэхэд чадна гэсэн.
Гэтэл Бодь группын оффтейк гэрээнүүдтэй холбоотой зүйлийг орхисон. Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ сонсголын дунд их өөрчлөгдсөн. Энэ улстөрийн шахалт дарамт байв уу, хувийн ашиг сонирхол байсан эсэхийг өөрөөс нь тодруулж байсан. Б.Энхбаяр "Надад улстөрийн шахалт байгаагүй, би дээд төрөө бодож байна. Уучлаарай, Ерөнхий сайд аа" гэж хэлээд өрөөнөөс гарсан. Тэр цагаас хойш Б.Энхбаяр бид хоёрын дунд үл ойлголцлууд үүссэн.
"Д.Мөнх-Эрдэнэ дэд сайдаар томилогдоод "Бодь" групп ХХК-тай холбоотой бүх асуудлын баримтыг устгаж эхэлсэн"
Улстөрийн үйл явц томилгоогоор учир нь тайлагдаж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь Бодь интернэшнл ХХК-ийн захирал Д.Баясгалангаас хоёр хүний хамт уулзаж, 500.000 ам доллар нэг удаа, 800.000 ам.доллар нийт 1.3 сая ам долларыг бэлнээр авсан.
Энэ асуудлыг холбогдох гэрчүүд хэлж, баримтуудыг нь өгсөн. Тиймээс хэргийн гэрчүүд болон болон зарим баримтуудыг Авлигатай тэмцэх газарт өгч байгаа юм.
Мөн Б.Энхбаяр өмнө нь ч "Бодь" групптэй холбоотой байсан нь гарч ирсэн. Одоогийн Хуульзүйн дэд сайд, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Мөнх-Эрдэнэ Б.Энхбаяррын сайн найз.
Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон үеэс ажиглаж эхэлсэн. Учир нь Д.Мөнх-Эрдэнэ Голомт банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Лхамсүрэнгийн Отгонбаяртай хамтарч хэд хэдэн компаниар дамжуулан 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан байдаг.
Д.Мөнх-Эрдэнэ дэд сайдаар томилогдоод "Бодь" групп ХХК-тай холбоотой бүх асуудлын баримтыг устгаж эхэлсэн.
Очсон цагаасаа "Эрдэнэс Таван толгой" ХХК мэдээлэлд өөрчлөлт оруулах, "Бодь" групптэй холбоотой хэсгийг хасах, "Голомт" банкинд ажиллаж байсан намтраа өөрчлөх зэрэг ажлыг хийсэн. Албан тушаалд томилогдсон даруйдаа дээрх хоёр компаниасөөрийгөө хасуулсан байдаг. Энэ хүнийг яаралтай түдгэлзүүлж шалгахгүй бол албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус үйлдийн баримтуудыг устгаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна