“Нүүрсний” гэх хэрэгт буруутгагдаж шүүхээс 3.9 жил хоригдох ял сонссон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг маргааш суллагдахаар болжээ. Түүний ял ирэх есдүгээр сард дуусах ёстой ч зургаан сарын өмнө суллаж байгаа нь энэ юм.
Б.Ганхуяг нь 2022 оны арванхоёрдугаар сард анх саатуулагдаж, Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авч, олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан" хэрэгт буруутай гэж үзэн 5.9 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хасах ял ногдуулж, хууль бусаар олж авсан гэх 9 тэрбум гаруй төгрөгийг нь улсын орлого болгосон байдаг.
Улмаар 2024 оны есдүгээр сард давж заалдах шатны Шүүх түүний хэргээс “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх зүйл ангийг хасаж, 5.9 жилийн ялыг 3.9 жил, 7 жил нийтийн албанд томилогдох эрх хассаныг 5 жил болгож бууруулсан байдаг. Өөрөөр хэлбэл Шүүх түүнд маш энэрэнгүй хандсан. Гэтэл дахин энэрч, хугацаанаас нь зургаан сарын өмнө суллаж байгаа нь Л.Оюун-Эрдэнийн АТГ-т гаргаж өгсөн баримтуудтай холбоотой бололтой.
Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-т баримтууд аваачиж өгөх үедээ “Б.Ганхуяг удахгүй гарч ирээд баахан юм ярих байх” гэж хэлж байсан юм.
Б.Ганхуягтай хам хэрэгтэн хэмээн шүүхээс ял авсан Т.Аюурсайхан сар шинээр суллагдсаж, улс төрчдийн авлигыг илчилнэ гэж зарласан ч одоо болтол таг чиг байгаа бөгөөд “Бодь” группээс улстөрчдөд тараагдсан гэх 110 сая ам.доллараас нэг сая ам.доллар авсан хэрэгт орж магадгүй болсон. Энэ нь Б.Ганхуягийг суллаж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын эсрэг юм яриулах зорилготой гэсэн хардлагыг баталж байгаа юм.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ гэж гарч ирсэн Хууль зүйн сайд Б.Энхбаяр авлигачидтай тэмцэх нь битгий хэл өөрийнхөө зарласан хэдхэн хэргийг ч шалгуулчихаж чадаагүй байгаа. Дээр нь нэмээд авлигын хэргээр ял сонссон этгээдүүд хугацаанаасаа өмнө суллагдаж байгаа нь түүнд итгэсэн олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж байгаагийн нэг хэлбэр.
Нөгөө талаар, ундаа хулгайлсан хүүхдэд 10 жилийн ял өгдөг байсан Монголын шүүх олон арван тэрбум төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн хулгайчийг гурван жил, гурван сар хориод суллах гэж байгаа нь авлигатай тэмцэх ажил 20 жилийн өмнөхөөсөө ч дордсон гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна.
Б.Ганхуяг хэрэгт тулгагдаад байх үедээ "УИХ-ын гишүүд, МАН-ын томчууд бүгд хулгайч" гэх утгатай мэдэгдэл хийж байсан. Түүнийхээ дараа Шүүхээс хөнгөн ял авсан нэгэн. Тухайн үед олон нийт "Хулгайч улстөрчдөө илчлээгүйн хариуд хөнгөн ял авлаа" гэлцэж байсан нь нууц биш. Тэгвэл энэ цаг үед дахин ялаа хөнгөрүүлж байгаа нь түүний нуусан байж болзошгүй улстөрчид төрийн эрхэнд хэвээрээ, хэрэг нь гарахаар шүүхэд нөлөөлөх чадалтай байгаагийн нэг нотолгоо болж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна