МАН-ын удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.
Тэрбээр, "МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, улс оронд үүсээд буй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон олон улсын геополитикийн хурцадмал байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Ойрх Дорнодод үүсэж буй мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхий нийтэд эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт нүүрлэж, эдийн засгийн хүндрэл ирж буй энэ үед дотоодын улс төрийн гацааг арилгах шаардлагатай байгаа.
Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрин хүсэлтээр өгчээ. Удирдах зөвлөл түүний хүсэлтийг хэлэлцээд, улс орны өмнө тулгамдаж буй эдийн засгийн хямралыг даван туулах, төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд гаргаж буй түүний эр зориг, шийдвэрийг хүндэтгэн хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Хуулийн дагуу уг асуудлыг эхлээд УИХ дахь МАН-ын бүлэг, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Парламентын шийдвэр гарсны дараа эрх баригч МАН Бага хурлаа зарлан хуралдуулж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах шат дараатай үйл ажиллагаанууд үргэлжилнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна