УИХ-ын 2026 оны хаврын чуулган үргэлжилж байна. Энэ сард Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хэрэв бид өнөөдөр анхаарахгүй бол маргааш оройтно. Судалгаагаар 2030 он гэхэд манай улсад хар тамхины хэрэглээ эрс өсөх эрсдэлтэй байна. Өмнө нь зөвхөн “үнэтэй” хэрэглээ байсан бол өнөөдөр бүх давхаргад тархаж, хүүхэд залуус хамгийн их өртөж байна.
Мансууруулах бодис хэрэглэдэг дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийдэг гэсэн мэдээлэл үнэхээр түгшүүртэй. Гэвч мансууруулах бодис өөрөө шууд амиа хорлоход хүргээд байгаа биш, харин сэтгэл зүйн асуудлаа даван туулж чадахгүй, зөв дэмжлэг авч чадахгүйгээсээ болж бусдаас, найз нөхдөөсөө сонсоод хэрэглэж эхэлдэг нь бодит үнэн юм.
Хүүхэд, залуусаа хар тамхи хэмээх тахлаас хамгаалах нь бидний хамтын үүрэг. Хар тамхины хэрэглэгчийг зөвхөн гэмт хэрэгтэн гэж харах биш, эмчилгээ шаардлагатай хүн гэж харах цаг болсон.
Хэрэв бид үнэхээр тэмцэхийг хүсэж байгаа бол донтох эмгэгийн эмчилгээ, тэр дундаа хүртээмжтэй, үе шаттай эмчилгээний тогтолцоог яаралтай бий болгох шаардлагатай.
Энэ бол зөвхөн төрийн асуудал биш. Гэр бүл, сургууль, нийгэм бүхэлдээ хамтдаа хариуцах ёстой.
Өнөөдөр хар тамхи найз нөхдийн хүрээлэл, сошиал орчноор дамжин хамгийн хурдан тархаж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх боловсрол, зөв мэдээлэл хамгийн чухал хамгаалалт юм. Зөв бодлого, дэмжлэг байвал бид энэ асуудлыг зогсоож чадна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна