Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн хурлаар 20 гаруй асуудал хэлэлцсэний дотор манай салбартай холбоотой гурван чухал шийдвэр гарлаа.
Нэгдүгээрт, төрийн худалдан авалтад дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хамруулах нь үе, үеийн үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчийн хүсэл байсан. Энэ ажил өнөөдрийн Засгийн газрын хурлын шийдвэрээр албажлаа.
Хоёрдугаарт, ЖДҮХС, бусад сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх үүргийг тэмдэглэлээр өглөө.
Гуравдугаарт, “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 146 төрлийн бизнесийг зөвшөөрөл авалгүй, цахим платформд мэдэгдсэний үндсэн дээр үйл ажиллагаа эхлүүлэх боломжийг бүрдүүллээ” гэв.
Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаас гаргасан “Газар тариалангийн салбарын ААН-үүдэд хаврын тариалалтад нь зориулж 10,000 тонн дизелийн түлшийг хөнгөлөлттэй буюу литрийг нь 3400 төгрөгөөр нийлүүлэх” ажлын хэрэгжилт өнгөрсөн хугацаанд 7000 тоннд хүрсэн, 10,000 тоннд хүртлээ үргэлжилнэ гэдэг мэдээллийг өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна