Нүүрсний экспортын орлогыг багадаа 600 сая ам.доллараар өсгөх боломжтой Шивээхүрэн-Сэхээ хил холболтын төмөр замын ашиглалтад оруулах асуудлыг zuv.mn хөндөж байна. УИХ саяхан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт, ашиглалтын цогц гэрээ буюу олон нийтэд “Харбины гэрээ” нэрээр танигдсан гэрээгээр Ерөнхий хяналтын сонсгол хийхээс татгалзсан шийдвэр гаргасан тул Шивээхүрэн-Сэхээгийн асуудлыг хөндөх цаг нь болсон гэж үзэв.
Харлуулалтад өртөж буй ч үр дүн нь Монгол Улсыг үеийн үед тэжээх “Харбины гэрээ”-ний далд ач холбогдол
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын төслүүдийг тэргүүлэх 14 мега төслийн нэг болгон зарласан.
Дээрх хил дамнасан төмөр замын холболтыг хийснээр экспортын хүчин чадал 40 сая тонноор /Гашуунсухайт 20 сая, Шивээхүрэн 10 сая, Ханги 10 сая тонн/ нэмэгдэж, экспортын орлого хоёр дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий.
Зам, тээврийн яам 2024 онд “Гашуунсухайт-Ганцмод” хилийн боомтын төмөр замын хил холболтын гүүрэн байгууламжийг хамтран барих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ үеэр олон жил гацсан, шийдэх асуудал ихтэй Гашуунсухайт-Ганцмод”-ыг эхлээд хөдөлгөх, энэ төслийн эрсдэл арилж, бат болсон тохиолдолд дараа, дараагийн төслүүдийг явуулахаар тохирсон байдаг.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн. Хоёр жил орчим үргэлжлээд 2027 онд ашиглалтад орох тооцоотой. Энэ төмөр зам ашиглалтад орсноор нэмэлтээр 20 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэж буй ч нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 30 сая тоннд ч хүргэх боломж бий. Хамгийн чухал нь, энэ хил холболтын төсөл баталгаатай болсноор дараа, дараагийн буюу Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандалын хил холболтыг ажил хэрэг болгох боломж бүрдэж буй.
Шивээхүрэн-Сэхээг холбоход 300 м төмөр зам тавих хоёр сарын хугацаа л хангалттай
Талууд “Гашуунсухайт Ганцмод”-ыг эхлээд холбоно гэж тохирсон ч бодит байдал дээр түрүүлж ашиглалтад орж, Монголэдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлж чадах төслөөр Шивээхүрэн-Сэхээ хил холболтын төмөр замыг тоочиглож байсан бөгөөд энэ ч үнэн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 186 дугаар тогтоолоор “Шивээхүрэн-Сэхээ” боомтын хил дамнасан төмөр замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулах эрхийг “Нарийн сухайтын төмөр зам” ХХК-д өгсөн. Тус тогтоолын дагуу 2023 оны тавдугаар сарын 27-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын төслийн барилгын ажлын нээлтийг албан ёсоор эхлүүлж байсан.
Улмаар “Нарийн сухайтын төмөр зам” ХХК нь “Шивээхүрэн-Сэхээ” боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын төслийн 6.96 км гол зам, дэлгэмэл уртаараа 19,2 км төмөр зам, ачилт буулгалтын 4 салбар зам бүхий чингэлэг терминал, өртөөний барилга, ажилчдын орон сууц зэрэг суурь бүтцийн барилга байгууламжийг богино хугацаанд чанартай барьж гүйцэтгэж, 2024 оны арванхоёрдугаар сард Зам, тээврийн яам, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны бүрээлдэхүүнтэй улсын комисст хүлэлгэж өгсөн байдаг.
Одоогийн байдлаар Хятад, Монголын талаас төмөр зам тулаад ирчихсэн, ердөө 300 метр зам тавихад л холбогдох боломж бүрдсэн. Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг бодвол өндөр намын зөрүү буюу элдэв хүндрэл байхгүй. БНХАУ-ын талтай тохиролцоод ажлаа эхлүүлсэн тохиолдолд маш богино буюу хоёр сарын дотор л холбох боломжтой.
Б.Дэлгэрсайхан: Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замыг холбоход 300 метр л дутуу байгаа
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг шийдсэний дараа Сэхээ-Шивээхүрэн боомтын төмөр замыг холбоно. 300 метр л дутуу байна. 300 метр төмөр зам тавьчихад бараг Ганцмод-Гашуунсухайтаас өмнө ашиглалтад орох боломж байна /2025 оны III сар/
Энэ хил холболтыг хийснээр Нарийнсухайтын бүлэг ордоос уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарцыг нээж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг 10 сая тонноор нэмнэ.
Улс орны эдийн засаг тэгтлээ хүндэрчихээгүй байгаа ч орлогоо нэмэгдүүлэх тал дээр дорвитой алхам хийхгүй бол удахгүй төлбөрийн дарамтад орох эрсдэл өндөр байгаа талаар дээр дооргүй ярьж байна.
Улсын төсөв одоогийн байдлаар 400 сая ам.долларын алдагдалтай, тодотгол хийж хөрөнгө оруулалтын зардлаа хасах уу, зээл авч санхүүжүүлэх үү, валютын нөөцөөсөө хэрэглэх үү гэсэн гурван замын уулзварт ирсэн. Төрийн ордны гадна талд ахмадууд тэтгэвэр нэмэхийг шаардан жагсаж, дотор нь УИХ-ын гишүүд Гадаад зээлийн ашиглалта, үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна.
Ц.Даваасүрэн: Одоо бидний анхаарлаа хандуулах хамгийн гол асуудал бол экспортоо нэмэгдүүлэх
Бидний юун түрүүнд анхаарах асуудал бол экпортын асуудал юм. Экспортын орлого дутвал валютын нөөц дутаад, төлбөрийн шооконд ороод, бүх юмны үнэ өсөөд явчихна. /2026 оны IV сарын 24, УИХ-ын чуулганы хуралдаан/
Энэ бүхнийг шийдэх хамгийн үр дүнтэй, бодитой арга хэмжээ бол боомтын хүчин чадлаа ихэсгэж, экспортын орлогоо нэмэгдүүлэх явдал. Харамсалтай нь, Г.Занданшатарын Засгийн газар ч, Н.Учралын Засгийн газар ч энэ чиглэлд бодитой алхам хийгээгүй байна.
Ард түмнээсээ асуух нэрээр бүсчилсэн хөгжлийн төсвийг задалж цалин нэмсэн. Үр дүнд нь инфляци хөөрөгдөж, нэмэгдэл ерөнхийдөө алга болчихлоо.
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт эхэлдэг өдөр тухайн үеийн Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваанаас Шивээхүрэн-Сэхээг хэзээ холбох талаар асуухад "Бүтээн байгуулалт эхэлсэн учраас маргаашнаас шууд энэ тал дээр анхаарч ажиллах боломж бүрдэж байна. Маш хурдан ашиглалтад оруулах боломжтой" гэж хэлж байв.
Эрх баригчид ард түмнээ хэрүүлээр хооллоод хол явахгүй. Эцсийн эцэст, нэмэлт валют олж байж цалин тэтгэвэр нэмнэ, инфляци буулгана.
Цагаа тулбал Туулын хурдны зам, нэг, хоёрдугаар тойрог зам нийлээд 10 сая тонн нүүрсний л мөнгө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна