Монгол Улсын Засгийн газар 2025 онд Тавантолгойн бүлэг ордны Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай 103 дугаар тогтоолыг баталсан.
Энэ дагуу Монгол Улсын Тэргүүн шадар бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, хөрөнгө оруулагчийг шалгаруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байдаг.
Бид сонгон шалгаруулалтын явцын талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуугаас тодруулахад “Үнэлгээний шатандаа явж байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.
Бортээгийн орд нь цанхийн урд хэсэгт байрладаг бөгөөд үйлдвэрлэлийн нөөц 424.2 сая тонн. 2020 онд батлагдсан ТЭЗҮ-ээр олборлолтын хүчин чадлыг жилд 2–15 сая тонноор тогтоосон байдаг.
Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн материал, хамтран ажиллах саналыг 1000 оноогоор дүгнэх бөгөөд 700 болон түүнээс дээш оноо авсан 3 хүртэлх оролцогчийг шалгаруулж хамтран ажиллах хэлэлцээрт урих юм.
Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Монгол Улсын Засгийн газар 500 саяас 1 тэрбум ам.долларын урьчилгаа төлбөр авах, Монголын өгөөж 51%-иас багагүй байх гэсэн байр суурь баримталж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна