Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга энэ сарын 30-нд АНУ-ын “RAF Wrestling” холбооноос зохион байгуулдаг шоунд оролцохоор болжээ. Манай бөхийн өрсөлдөгч нь ДАШТ-ий алт, мөнгөн медальт Зейн Резерфорд байх юм байна.
RAF Wrestling /Real American Freestyle Wrestling/ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байгуулагдсан шинэ тутам байгууллага бөгөөд Чад Бронштейн, Тэрри Фрэнсис нараас гадна манайхны нэрлэдгээр “нохой зодоон”-ы домогт тамирчин “Халк” Хоган хувь эзэмшдэг.
Тэдний зохиож байгаа лиг олон нийтийн анхааралд өртөж эхэлсний шалтгаан нь өөр төрлийн спортын тамирчдыг мэргэжлийн чөлөөт бөхөөр өрсөлдүүлдэгт оршиж буй. Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон эвентэд UFC холбооны аваргын төлөө өрсөлдөгч Арман Царукян холимог тулаанч Лэнс Палмер нарыг өрсөлдүүлсэн. Коллеждоо бөх барилддаг байсан Лэнсийг Арман 10:0-ээр төвөггүй ялсан байдаг.
ОХУ-ын алдарт бөх, олимп, дэлхийн аварга “Танк” хэмээх А.Садулаев мөн энэ холбоонд барилдахаар гэрээ байгуулсан юм.
Т.Тулгын оролцох энэ сарын 30-ны эвэнтэд Арман Царукян, Бажранг Пуниа, Мераб Двалишвили, Фрэнки Эдгар /хоорондоо/, Колби Ковингтон, Крис Вейдман /хоорондоо/, Гэйбл Стивенсон зэрэг алдартнууд оролцох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна