Талх, мах & Цалин

Zuv.mn
1 цаг 51 минутын өмнө

Монголчуудын хөдөлмөрийн үнэлэмж ямар байна вэ. Монголын төр иргэдээ амьдруулж байна уу, амь зуулгаж байна уу. Энэ асуултад хариулт хайлаа.  

Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо хоёр жилийн өмнө буюу 2024 оны аравдугаар сарын 07-нд 03 дугаар тогтоолоороо улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792000 төгрөг байхаар тогтоожээ. 2026 онд энэ хэмжээ өөрчлөгдөөгүй. 3000 төгрөгийн үнэтэй “Атар” талхаар тооцвол, монголчуудын нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж нэг, хагас талхны үнэтэй тэнцэж байна.  

Үндэсний статистикийн хороо өнгөрсөн гурвдугаар сард гаргасан тайландаа дундаж цалинг 2,8 сая төгрөг гэж танилцуулсан. Үүнийг талхаар илэрхийлбэл, 5.5 талхтай тэнцэж байх аж.

Тэгвэл талхыг бас нэгэн стратегийн хүнс болох мах, тэр тусмаа үхрийн цул мах болгож солиод ямар үр дүн гарахыг харъя. ҮСХ өнгөрсөн даваа гарагт олон нийтэд хонины ястай мах 27.6 мянга, үхрийн ястай мах 33.7 мянга, үхрийн цул мах 37.8 мянга, адууны ястай мах 18.5 мянга, ямааны ястай мах 21.6 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэсэн судалгаа танилцуулсан.

Энэ үнээр бол цалингийн доод хэмжээ авдаг иргэн нэг цагийн ажлын хөлсөөрөө 125.7 грамм үхрийн цул мах авах боломжтой ажээ.  

Одоо энэ хэмжээг ам.долларт шилжүүлж тооцоод бусад улстай харьцуулж үзье.

Өчигдрийн байдлаар /VI.04/ Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 3,575 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь монголчууд сард доод тал нь 221.53 ам.доллар, цагт 1.3 ам.доллараар цалинждаг гэсэн үг. Дундаж цалингаар авч үзвэл, сард 783 ам.доллар, цагт 4.6 ам.долларын цалин авдаг гэсэн үзүүлэлт гарч ирнэ.

Гэхдээ дундаж цалинг НДШ төлөгчдийн дунджаар тогтоодог учраас мэдээж нэлээд өргөсөн дүн гарч ирдэг. Монголд үйл ажиллага явуулж буй “Оюутолгой”, “Рио Тинто” тэргүүтэй уул уурхайн компаниудын өндөр цалинтай, НДШ өндөр төлдөг хэсэг бүлэг эгэл ардуудын цалингийн дунджийг үлэмж өргөдөг бөгөөд бодит байдал дээр 2.8 сая төгрөгийн цалин авч байгаа хэсэг нь маш цөөн хувийг эзэлж байгаа гэдгийг энд заавал дурдах ёстой. Өөрөөр хэлбэл, монголчуудын ихэнх нь 763 ам.долларын цалин авч чадахгүй байгаа.

Бусад улс орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны байдлаар авч үзвэл Австрали нэг цагт 18 ам.доллар,  Шинэ Зеланд 16 ам.доллар,  Англи, Люксембург, Герман, Аргентин зэрэг улсад 10-аас дээш ам.доллар байна.

Цалин үнэндээ нэмэгдсэн үү, хасагдсан уу

ҮСХ жил бүр дундаж цалин нэмэгдсэн гэдэг статистик танилцуулдаг. Гэхдээ тэнд танилцуулагддаггүй нэг тооцоог одоо хийж үзье.

Дундаж цалин бодит биш гэдгийг дээр тайлбарласан болохоор Монголчууд ерөнхийдөө 1.5 сая төгрөгийн цалинтай гэж үзээд ам.доллараар тооцон найман жилийн өмнөхтэй харьцуулж үзье.   

2018 онд 1.5 сая төгрөгийн цалин 587 ам.доллартай /1 ам.доллар 2555 төгрөг/ тэнцэж байжээ. Тэгвэл өчигдрийн байдлаар 1.5 сая төгрөгийн цалин 419.5 ам.доллартай тэнцэж байна. Найман жилийн хугацаанд даруй 167 ам.доллараар буурсан байна.

2018 онд ҮСХ дундаж цалин 1.0 сая төгрөг гэж тооцсон бөгөөд энэ мөнгөөр тухайн үед 392 ам.доллар авч болж байв. 2026 онд дундаж цалин 2.8 сая болж бараг гурав дахин нэмэгдсэн ч 783 ам.доллар л авч хүрэхээр байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна