Боловсролын зээлийн сантай холбоотой шүүмжлэл их гарч буй. Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад “Боловсролын зээлийн санг хулгайч, дээрэмчдийг санхүүжүүлдэг байгууллага мэтээр ойлгож болохгүй. Дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцэн суралцаж байгаа монгол хүүхдүүд маш цөөн байдаг. Бид энэ хүүхдүүдээр бахархах ёстой. Өнөөдөр Боловсролын зээлийн сангийн данс улайсан байдалтай байна. Энэ жилийн үйл ажиллагааг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй байгаа. Төрөөс тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгодог санхүүжилт хүрэлцэхгүйгээс болж 8000 гаруй оюутны эрх ашиг хөндөгдөх эрсдэл үүсээд байна. Тэдний эрх ашгийг хохироож болохгүй учраас зохицуулалт хийхээс өөр аргагүй. Арилжааны банкуудад их, дээд сургуулиудын хадгаламж байгаа. Тиймээс арилжааны банкуудтай хэлэлцээр хийх асуудал ярих болов уу. Гэхдээ энэ асуудлыг би дангаараа шийдэхгүй, Засгийн газрын хуралдаанаар оруулж,чиглэл авч ажиллана. Үндсэндээ 140 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа ч одоогийн байдлаар дансанд мөнгө байхгүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна