МСНЭ: Хуулийн зөрчилтэй үйлдлээ нэн даруй залруулахыг шаардаж байна

Zuv.mn
1 цаг 19 минутын өмнө

Манай www.zuv.mn сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гомдлоор хуулийн байгууллагад хандаж, улмаар 20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ асуудлаар УИХ-ын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид нарт шаардлага хүргүүллээ.

ШААРДЛАГА

УИХ-ын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид Танаа Монгол Улсын Үндсэн хуульд иргэний мэдээлэл хайх, хүлээн авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг тунхаглан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон бусад хуулиар үүнийг баталгаажуулснаар хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл ардчиллын нэгэн тулгуур багана болж, нийгэмд олон нийтийн хяналтын үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. 

Улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, төрийн өндөр болон нийтийн албан тушаалтнуудын зүгээс хэвлэн нийтлэх мэдээллийн агуулгыг хяналтад тавих оролдлогыг хийсээр ирснийг эрс эсэргүүцэхийн зэрэгцээ www.zuv.mn сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гомдлоор тухайн редакцыг 20 сая төгрөгөөр торгуулахаар шийдүүлсэнд харамсаж байна.

Төрийн өмчит компанийн тодорхой албан тушаалтан нь хөрөнгийг зүй бусаар зарцуулан үнэгүйдүүлж буй талаарх баримт бүхий нийтлэлд ашигласан түүний цээж зургийг ХЭҮК "хувь хүний биометрик мэдээлэл" хэмээн үзэж, үүнд хэвлэлийг буруутгасан албан бичгийг цагдаагийн газарт хүргүүлж хүний эрхийн индэр болох хэвлэлийн эрх чөлөөний эсрэг ажиллаж байгаадаа тайлбар хийхийг шаардаж байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар сэтгүүлч сэтгүүл зүйн, эсхүл нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болохоор заасан байгааг хатуу сануулж, УИХ, Засгийн газраас томилогддог, төрөөс төсвийн мөнгөөр санхүүжин үйл ажиллагаа явуулдаг ХҮЭК, ЦЕГ зэрэг байгууллагууд улс төрийн захиалга гүйцэтгэгч, албан тушаалтны эрх ашгийг хаацайлагчид болтлоо чиг үүргээ алдсанд харамсаж байгаагаа мэдэгдэн хуулийн зөрчилтэй дээрх үйлдлийг нэн даруй залруулахыг шаардаж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна