Ерөнхий сайдын санал болгож буй тэтгэврийн реформ

Zuv.mn
1 цаг 20 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал нийгмийн даатгалын шимтгэл олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжүүлэхээ өчигдөр мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд бага төлсөн нь их, илүү төлсөн нь бага авдаг зарчмаар явсан. Монголчуудын амьдралын чанар сайжирч дундаж насжилт нэмэгдсэн. Цаашид тэтгэврийг тогтолцооны хувьд шударга болгоно. 20, 30 жил ажилласан иргэдийн тэтгэврийн хэмжээ адилхан байгаад байна. Олон жил ажилласан, жил нь урт байгаа ч тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа иргэд олон бий. Тогтолцоо нь буруу байхаар тэтгэвэр нэмсэн ч өөрчлөлт гарахгүй байгааг мөн хэлсэн юм.

Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Хуулийн төсөлд тусгасан онцлох заалтыг эшлэн хүргэе.

-Тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байгаа тул тогтолцоог шинэчлэх шаардлагатай. Өмнө нь гурван залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байсан бол одоо хоёр залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байна. Харин 2050 он гэхэд 1:1 болж, тэтгэвэр амьдралд хүрэлцэх нь улам багасна. Иймээс тэтгэврийг тогтолцооны хувьд шударга болгоно.

-2-3 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс тэтгэврээ бага цалингаас бодуулсан. Сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүс өндөр дүнгээс бодуулсан учраас зөрүү байна. Гэтэл ажилласан жил нь илүү их байх жишээтэй. Иймд 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгөөс бодуулсан хүмүүсийн тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахиж бодох санал дэвшүүлж байна.

-Илүү олон жил шимтгэл төлсний үр шим хаана байгааг иргэд үргэлж асуусаар байдаг. Бага цалинтай бол хэдэн ч жил төлсөн баталгаа муу, бага тэтгэвэр авдаг. 25 жил ажилласан байлаа ч 20, 30 жил ажилласантай ижил хэмжээний тэтгэвэр авдаг нь шударга биш. Тэтгэвэр ялгаагүй байхаар хүнд илүү олон жил хөдөлмөрлөж үр шимийг нь хүртэх сэдэл төрдөггүй. Иймд бидний шинэчлэл нийгмийн даатгалын хамрагдалтын хүрээг тэлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой.

-Одоогоор 10 хүний зургаа нь бага тэтгэвэр авдаг. Нийт тэтгэвэр авагчийн 57 хувь нь 769 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг. Жил бүр инфляцтай уялдуулан нэмж байна.

-Манай улсад 504 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаа. Эдгээр хүнд 100-300 мянган төгрөг ялгамжтайгаар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, 769 мянган төгрөгөөр тэтгэврээ тогтоолгоод 10 жил ажилласан бол 150 мянган төгрөг нэмэгдэнэ. Нэг сая төгрөгөөр тэтгэврээ тогтоолгоод 15 жил ажиллачихсан бол 160 мянган төгрөг гэх мэтчилэн ялгаатайгаар нэмэгдэнэ.

-Эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал тэтгэврийг нь жил тутамд дөрвөн хувиар нэмнэ.

-Жил тутмын нэмэгдэл 1.5 хувь байсныг 2 хувь болгон нэмэгдүүлнэ. 35 жил ажилласан хүн цалингийнхаа 67.5 хувиар биш 72.5 хувиар тэтгэвэр тогтоолгоно.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна