Н.Булгантамир: Youth for Water Festival-аар бид усны тухай зөвхөн танхимд ярилцах бус, байгальд нь мэдэрч ойлгох боломжийг бүрдүүлсэн

Zuv.mn
1 цаг 16 минутын өмнө

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын захирал Н.Булгантамиртай цаг үеийн асуудлаар товч ярилцлаа. Тус байгууллагаас 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Youth for Water Festival 2026 арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байгаа юм.

Youth for Water Festival 2026 арга хэмжээ ямар зорилготой зохион байгуулагдсан бэ?

Энэхүү фестивалийн гол зорилго нь усны үнэ цэнэ, усны нөөцийг хамгаалах ач холбогдлыг залуучуудад илүү сонирхолтой, хүртээмжтэй байдлаар хүргэх байлаа. Бид уламжлалт сургалт, хэлэлцүүлгээс гадна оролцоонд суурилсан олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, оролцогчдод шинэ мэдлэг, шинэ туршлага өгөхийг зорьсон.

Энэ удаагийн фестивалийн хамгийн онцлох зүйл юу байсан бэ?

Бид усны тухай зөвхөн танхимд ярилцах бус, байгальд нь мэдэрч ойлгох боломжийг бүрдүүлсэн. Голын эрэг дагуу талбайд иог, усны төлөөх багийн тэмцээн, хэлэлцүүлэг, танин мэдэхүйн хөтөлбөрүүдийг хослуулснаар оролцогчид усны үнэ цэнийг илүү бодитоор мэдэрсэн гэж бодож байна.

- Залуучуудын оролцоо хэр байв?

Оролцоо маш идэвхтэй байсан. Залуус ч гэлтгүй нас насны төлөөллүүд маань зөвхөн сонсогч биш, харин өөрсдийн үзэл бодол, санаачилгаа хуваалцаж, усны нөөцийг хамгаалах үйлсэд хэрхэн хувь нэмэр оруулах талаар санал солилцсон нь бидэнд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн.

Энэ төрлийн арга хэмжээний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

Ус бол хүн бүрийн амьдралын үндэс. Гэвч усны үнэ цэнийг өдөр тутмын хэрэглээнээсээ шалтгаалан тэр бүр мэдэрдэггүй. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна хүмүүсийн хандлага, ойлголтыг өөрчилж, байгаль орчиндоо хариуцлагатай хандах сэдлийг төрүүлсэн байх гэж бодож байна..

Фестивалийн үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

Бидний хувьд хамгийн том үр дүн бол оролцогчдын сэтгэгдэл байлаа. Залуус усны үнэ цэнэ, хамгааллын талаар илүү ихийг мэдэж авсан, цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзэлтэй болсон гэдгээ илэрхийлж байсан нь бидний зорилго биелснийг харуулж байна.

Цаашид энэ төрлийн ямар ажлууд төлөвлөж байна вэ?

Youth for Water Festival нь нэг удаагийн арга хэмжээ биш. Цаашид усны боловсрол, байгаль хамгаалал, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон төрлийн шинэлэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Усны үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх энэ аялал үргэлжилсээр байх болно.

- Ярилцсанд баярлалаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна