Сэтгэл судлаач Э.Аминатай мэргэжлийнх нь талаар болон монголчуудын сэтгэл зүйн түгээмэл асуудлын талаар ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Амина гэдэг. Сэтгэл судлаач мэргэжилтэй, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засал хийдэг. "Монгол Билиг Сэтгэл Судлалын Төв"-ийг үүсгэн байгуулаад найман жил болж байна. Мөн сошиалаар хүмүүсийн асуултад хариулж, сэтгэл зүйн мэдлэгийголон нийтэд түгээх зорилготой контент хийж эхэлсэн.
-Яагаад сэтгэл зүйч мэргэжлийг сонгох болсон талаараа ярьвал?
-Сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж байгаа, ажиллаж буй хүмүүсийн ихэнх шалтгаан нь бага насны дурсамжтай нь холбоотой байх гэж боддог. Би айлын ганц охин. Тухайн үеийн нийгэм хүүхдүүдийн хувьд бага зэрэг хатуу байсан гэж боддог. /Инээв/ Гэр бүлийн хүчирхийлэл, хүн хоорондын харилцаа, хайр халамж анхаарлыг бага авч өссөн юм болов уу. Аав ээж минь сэхээтэн гаралтай. Ээж минь төрийн алба хаагч байсан учраас гэртээ анхаарах нь дутмаг байсан.
Эргээд бодоход чадах чинээгээрээ хайр халамж авсан. Гэхдээ сэтгэл зүйн хувьд анхаарал халамж хангалттай хэмжээнд авч чадаагүй байж гэж боддог. Буруутгаж байгаа юм биш шүү. Үүнээс улбаалж айлын ганц охин, ярилцах хүн байхгүй, гэртээ ганцаараа түгжигдэж үлдэнэ. Багаасаа өөрөө өөртэйгөө диктофон бариад, ярилцаж, тоглоом тоглодог байлаа. Ганцаараа, тоглох хүнгүй, өөртэйгөө ярьсаар байгаад дотоод ертөнц маань хөгжиж, төсөөлөх чадвар маань сайн хөгжсөн байх. Тэгээд том болох тусам хүмүүс бие биеэ ойлгож, туслах нь чухал юм байна гэх мэдрэмжээс үүдэж мэргэжлээ сонгох болсон. Мөн анхаарал халамж авахыг хүсэж байсантай холбоотой сэтгэл зүйч бусад хүнд яг тэр мэдрэмжийг өгөхийг хүсдэг. Сэтгэл зүйч хүн анхаарал халамжийг бусдад өгч тэр мэдрэмжээрээ "тэжээгддэг" нь шалтгаантай байх гэж боддог.
-Та Монгол Билиг Сэтгэл Судлалын Төвөө хэзээ байгуулав. Энд хүрсэн замналаасаа хуваалцаач?
-Анх аав ээж 2 минь намайг хуулиар сурах хэрэгтэй гэж үзээд мэргэжлээ буруу сонгож байсан. Надаас хүүхэд, залуус мэргэжлээ буруу сонгосон, одоо сэтгэл судлалаар сурахад оройтсон уу гэж асуудаг. Хүн яг өөрийнхөө мэргэжлийг ойлгож, олоход цаг хугацаа оройтно гэж байдаггүй юм билээ. Би эхлээд хуулиар сурч төгсөөд дараа нь сэтгэл судлалын мэргэжлээр төгссөн. Анх МУИС-д суралцаж байхад багш нар маань "Хэр баргийн хүн сэтгэл судлалаар төгсөөд ажиллана гэж байдаггүй юм аа, ажлын байр хомс шүү Амина" гэж байсан. Хэдий тийм ч сэтгэл зүйчийн мэргэжил Монголын нийгэмд үнэхээр хэрэгтэй. Цаашдаа ч сэтгэл судлаачийн мэргэжил өргөн дэлгэрээд явах нь тодорхой гэж бодож байсан.
Эхний ээлжид би сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс илүү сэтгэл судлаач нарыг ажлын байртай болгоод, олон нийтэд сэтгэл судлалын талаар түгээх ёстой юм байна. Хүмүүст сэтгэл судлаач гэдэг ойлголтыг мэддэг болтол нь буруу, зөв, шүүмжлүүлж адлуулж байсан ч сайн яриад байх юм бол хүмүүс нээрээ сэтгэл судлал гэдэг чухал юм байна гэдгийг ойлгох байх гээд залуу насны мөрөөдлөөрөө шууд контент, фэйсбүүк дээр лайв хийгээд л эхэлсэн. Манай багш нар "Амина минь ингэж хамаагүй сэтгэл судлалыг ярьж болохгүй дээ" гэж байхад бага зэрэг зориг байсан.
Тухайн үедээ сэтгэл судлалын төв байгуулахад мэдээж хэцүү байсан. Жаахан охин өөрөө цалин авах гэж хэцүү байхад түрээс ч төлөөд л, хүмүүсийг цалинтай болгохын тулд гүрийж байсан. Эхэндээ нэг цагийн зөвлөгөөг 25 мянган төгрөгөөр өгдөг байсан. Анх зориг гаргаад баруун 4 замд байдаг Рокман барилгын захирлаас нь гуйж байсан л даа. "Би сэтгэл судлалын төв байгуулах гэж байгаа юм. Та надад итгээд 3 сар түрээс төлөхгүй байлгаад өгөөч. Хэрвээ бүтэхгүй бол би эндээс хамаг юмаа аваад гарна" гэж хэлсэн чинь тэр эгч бүр гайхаад бодож бодож байснаа "за" гээд хэлдэг юм. Тэгээд л гэрээсээ буйдангаа авч очоод л, таньдаг хүмүүсийнхээ зуслангаас хэрэгтэй зүйлээ аваад л, ханаа өөрсдөө од, гариг, эрхсийн дүрстэй будаад л, гэрэл тавьж эхэлж билээ.
Зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүс "Энэ одоо юун сонин зураг вэ, аура төв үү" гэж гайхаж байсан. Анх манай хамт олон арт терафи буюу урлагийн сэтгэл заслыг оруулж ирж байв. Монголчууд сэтгэл зүйн байдлаа шууд "би ингэж мэдэрч байна" гэж ярьж сураагүй шүү дээ. Тиймээс сэтгэл зүйн байдлыг нь зургаар оношлоод, таны сэтгэл зүйн бүтэц ийм байна, ийм асуудал байна гэж ярихад намайг "Чи чинь зөн билгийн хүн юм уу" гэж андуурдаг. /Инээв/ Энэ байдлаар явсаар хүмүүсийн итгэлийг олсон. Хүмүүс сэтгэл судлал гэдэг үнэхээр шинжлэх ухаан мөн юм байна, бид нарт маш хэрэгтэй гэдгийг ойлгосон. Түүнээс хойш маш олон хүн сэтгэл судлалыг ярьдаг, сэтгэл судлаач нарыг хүндэлдэг болсон.
Одоо би сэтгэл судлалын төвөөрөө айхтар хөлжөөгүй ч бид ямар ч байсан олон улсын сэтгэл судлалын төвтэй холбогдоод очиж уулзаж, арга зүйгээ судлаад явж байна. Үйл ажиллагаагаа 8 жил тогтвортой авч яваад, хүмүүсийг цалинжуулаад явж байгаад баяртай байна.
-Янз бүрийн хүнтэй ярилцаж, зөвлөгөө өгөхөд та юу мэдэрдэг вэ, сэтгэл зүйгээ яаж хамгаалдаг вэ?
-Сэтгэл зүйч өөрийнхөө сэтгэл зүйг хамгаална гэдэг нэлээд хэцүү. Миний хувьд хоёр ч удаа сэтгэл гутралд орсон. Сэтгэл гутралд орохоор хүн өөрийгөө мэддэггүй юм билээ. Онол, арга зүйгээрээ өөрийгөө болоод байна гэж бодож байгаа ч бие өвдөж эхэлсэн. Үс унаж, батга гарч, ядаргаанд орж, дааврын өөрчлөлтөд ороод л, сүүлдээ бүр юу хийж байгаагаа ч мэдэхгүй ажлаа хийгээд л явж байсан. Тэгээд нэг л өдөр босож чадахаа больчихдог юм билээ. Гэр бүлийн асуудал ч байсан. Сэтгэл зүйч гэдэг ажил, хувийн амьдралаа маш сайн тэнцвэртэй авч явах шаардлагатай байдаг. Цаг хугацааны эрхээр тэр асуудлыг бие, сэтгэлээр мэдэрч байж бүх зүйлийг даван туулдаг юм байна гэдгийг мэдэрсэн.
Анхнаасаа ёстой лаг хүн болж байгаад сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэж байхгүй ээ. Сэтгэл зүйн зөвлөгөө авах гээд орж ирж байгаа хүмүүсийн талаар бодохоос илүү тэр хүмүүсийн дотор мэдэрч байгаа мэдрэмж, зовлонг маш сайн ойлгохыг л хичээдэг гэсэн үг. Хүмүүс би ганцаараа ингэж мэдэрдэг үү, надтай адилхан мэдэрдэг хүн байдаг болов уу гэж асуудаг. Мэдээж хүн болгоны дотор хэцүү зүйл байгаа. Гаднаа инээгээд явж байгаа ч адилхан зовлон туулж явдаг юм байна гэдгийг ойлгосон. Хүмүүст ч үүнийг хэлэхээр маш их тайвширдаг.
Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг арга зүйн шинжлэх ухаанд суурилж байгаа учраас нэлээн олон зүйлийнх нь учрыг олоод ирэхээр хүн өөрийн эрхгүй өөрчлөгддөг. Сэтгэлээ уудлаад, эмчлэгдэж байгаа хүний амьдралын чанарт хамгийн том өөрчлөлт орж байгааг мэдээд талархлаа илэрхийлдэг.
-Хүмүүст тулгардаг нийтлэг сэтгэл зүйн асуудал юу байдаг вэ?
-Харилцан адилгүй. Ихэвчлэн бага насандаа авч байсан хайр халамж, анхаарал, сэтгэлийн гэмтэл, гомдол нь амьдралынх нь өдөр тутмын харилцаанд нөлөөлсөн байдаг. Сошиал орчинд хайр дурлалын асуудлын талаар илүү асуудаг. Хайр дурлалын сэдвээр ярихаар хүмүүс илүү сонсох дуртай байдаг./Инээв/ Гэхдээ сэтгэл зүйн зөвлөгөө авах гээд ирсэн хүнээс асуулт, хариултаар явахгүй.
-Сошиал медиа хөгжих тусам залуус гэлтгүй хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлж байгаа бол?
-Сошиал медиа хүмүүсийн сэтгэл зүйд ихэвчлэн сөрөг байдлаар нөлөөлдөг. Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалъя гэвэл сошиал медиаг баланстай / тэнцвэртэй хэрэглэж, аль болох зай авах хэрэгтэй. Сошиал медиа дэлгэцийн хамаарлыг үүсгэж, тархинд тодорхой хэмжээний донтолт үүсгэж байгаа. Жаахан зав гарахаар, амралтын цагаараа шууд утас барьж авч маш их мэдээллийг хүчээр тархиндаа өгч байна. Тархи хүсээгүй байхдаа өдөр тутамд их мэдээлэл авах чадвар байхгүй. Үүнээс болж тархи гэмтэж байна.
Нөгөө талаараа жирийн амьдралаас холдчихлоо. Бусадтай өөрийгөө харьцуулж, өөртөө итгэлгүй болж байна. Бодитоор нэгнээ харахад ямар үзэсгэлэнтэй билээ, түүнийг анзаарахаа больсон байна. Бодитоор нэгэнтэйгээ харьцаж чадахгүй байна. Нэгнээсээ хурдан хариулт авахыг хүсэж байна. Үүнээс болж бие биеэ их зовоож байна. Сошиал медиа бол өөртөө хэтэрхий өндөр хүлээлт тавьж, өндөр төсөөллөөр дүгнэх аюултай нөхцөл байдал үүсгэж байна.
Хэрэгтэй мэдээллээ сонгож үздэг байгаасай. Тэрнээс биш цагаа нөхцөөхийн тулд рийл, /бичлэг гүйлгээд үзэх нь амьдралын чанарт маш сөргөөр нөлөөлж байна.
-Стресстэй эсвэл ганцаардсан үед утас оролдох нь нэмэгддэг үү, ямар үед сошиал медиа их ордог вэ?
-Маш олон шалтгаантай. Зарим ганцаардсан хүн ганцаардлаасаа гарахын тулд сошиал медиагаар хүмүүсийн яриа сонсоод тайвширч байна. Депресстэй, сэтгэл гутралтай хүн өдөр тутамдаа хийдэг, жишээлбэл, шүдээ угааж чадахгүй болтлоо унадаг. Орондоо л хэвтэнэ гэсэн үг. Хэвтэнгээ сошиал медиа ухах нь арай хөнгөн байгаад байгаа юм. Гэхдээ энэ нь тэр хүний тархийг улам гэмтээгээд, өдөр тутмын амьдралаас нь улам холдуулж байгаа байхгүй юу.
Сэтгэл гутралтай хүн сошиал медиа ухах нь түгээмэл байдаг.
-Хүн яагаад өөрийгөө бусадтай харьцуулдаг вэ?
-Өөрийгөө бусадтай харьцуулах мэдрэмж нь илүү өндөр хүмүүсийн цаад шалтгаан нь хүүхэд байхаас эхлэлтэй гэж боддог. Маш их шүүмжлүүлж байсан, гэр бүл нь бусадтай харьцуулж, алдаа гаргахад нь загнаж, шүүмжлүүлж байсантай холбоотой. Бид нарын сэтгэл зүйн хамгийн том өвдөлт бол би өнөөдөр яг хэн болох юм бэ, би хэн юм бэ гэдгээ одоо хүртэл хүмүүс ойлгож чадаагүй байгаа.
Хэн нэгэн чамайг сайн, муу гэвэл би сайн, муу юм байна гэдэг тодорхойлолтоор яваад байвал чиний амьдралыг хүмүүс л удирдана. Өнгөрсөнд байлгүй, өмнөхөөсөө би хэр өөрчлөгдсөн бэ, амьдралаа авч явж чадаж байна уу, би өөрийнхөө сул талыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаж чадаж байна уу гэдгийг бодолцох хэрэгтэй.
Монголчуудын хамгийн том авч явах ёстой үнэт зүйлийн нэг бол хүн чанартай, хүнлэг байдал. Гэтэл бид бага багаар энэ чанарыг алдаад байгаа юм болов уу гэж боддог. Нийгмийн сүлжээгээр нэгнээ үндэс угсаа, гадна төрх, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, дайрч, доромжилж байна. Энэ бол бид хүнлэг байдал, хүн чанараа алдаж байгаагийн нэг шинж.
-Танаас сошиалаар хүмүүс хосын харилцааны талаар их асуудаг шүү дээ. Эрүүл харилцаа гэж юуг хэлдэг юм бол?
-Дэлхий нийтээрээ өөрчлөгдөж байна. Гэр бүл тийм чухал биш юм байна, гэр бүлгүй ч гэсэн бие даагаад ганцаараа амьдарч болох юм байна гэдэг бодолтой харилцаанд ороход "Энэ хүнээр яадаг юм, дараагийн хүн олдоно" гэсэн хандлага нийтээрээ суучихсан. Тийм учраас хосын харилцаа бүтэхэд дархлаагүй болсон.
Энэ хүнтэй таарахгүй гэх бодлоос илүү тааруулахын тулд, цаашдаа гэр бүл болоод, гүнзгий харилцаанд орохын тулд би яаж хичээх вэ гэж аль аль нь бодолтойгоор анхнаасаа нэгдэх юм бол ойлголцохгүй асуудал байхгүй шүү дээ. Сүүлийн үед хүмүүс ганцаараа амьдрах сонирхол их болсонтой холбоотой хосын харилцаанд хичээл зүтгэл гаргахаа больчихсон. 80,90-ээд оны хайр дурлалыг хүсэх нь хичээл зүтгэлийн үр дүнд бий болно.
Хосын муудалцаж байгаа ихэнх тохиолдлыг харахад араар тавилт байна. Хүмүүсийн сонголт их байна. Сошиалаар хүссэн хүнтэйгээ харилцаж, бие биеэ гомдоож байна. Тэгэхээр тэр харилцаа үнэ цэнгүй болж байгаа юм л даа. Бие биедээ үнэнч, тогтвортой байвал зан аашны хувьд болно шүү дээ. Төлөвших тусам бие биеэ ойлгодог.
-Салалтын дараах сэтгэл гутралаа яаж даван туулах хэрэгтэй вэ?
-Өмнөх харилцаанаас авсан траума /сэтгэл гутралыг яаж эдгээх вэ гэвэл дахиад хүнд итгэе гэх бодол юм. Би угаасаа хүнд итгэхээ больсон, итгэхгүй гэх бодлоо арилгах хэрэгтэй. Нөгөө хүндээ итгээд үзэх хэрэгтэй. Тэгж байж л шинэ харилцаа гарч ирнэ гэсэн үг л дээ.
-Монголчуудын нийтлэг сэтгэл зүйн асуудал юу байдаг вэ?
Монголчуудын нийтлэг зан токсик. Бие биеийнхээ амьдралд маш их оролцдог. Нэгнийхээ талаар хов жив ярих дуртай. Энэ нь бүлгээрээ амьдарч байсантай холбоотой гэж үздэг. Бие даасан байдлыг хүлээн зөвшөөрдөггүй, хүүхдийнхээ амьдралд маш их оролцдог. Нөгөө нэг нь уур бухимдлын асуудал. Маш хурдан хугацаанд бие бие рүүгээ уурлаад, тайвширсныхаа дараа ойлголцдог асуудал байгаа юм. Тэгэхээр уур бухимдлын асуудлаа хяначихвал гайгүй ээ./Инээв/ Монголчууд чинь хүнлэг зан чанартай, өрөвч, хүнд удаан өс санаад бие биеэ хорлоод байдаггүй. Зүгээр хэтэрхий бие биеийнхээ асуудалд л оролцдог.
Нэгнийхээ бие даасан байдлыг хүлээн зөвшөөрдөггүй, хүүхдийнхээ амьдралд маш их оролцдог. Нөгөө нэг нь уур бухимдлын асуудал.
-Өдөр тутамдаа сэтгэл зүйгээ тайван, эрүүл байх дадал гэж байгаа юу. Хуваалцвал?
-Дадал гэдэг маань бидний тархийг гэмтээж байгаа зүйлээс хол байх. Жишээлбэл, өглөө сэрээд утаснаас 10 минут хол байх мөн унтахаасаа өмнө 10-20 минут утаснаасаа хол байх хэрэгтэй. Оройдоо утаснаас хол байж, тархиа амрааж унтах хэрэгтэй.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна