Ардын жүжигчин Б.Сарантуяа: Энэ дөчин жилийг би ганцаараа туулаагүй, бид хамтдаа туулсан

Zuv.mn
1 цаг 16 минутын өмнө

Монгол улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа өнөөдөр "Ардын жүжигчин" цолоо гардаж авлаа. 

Түүний баярын сэтгэгдлийг хүргэж байна.

Тэрбээр "Миний хувьд ямар нэгэн арын хаалга, хүнд суртал байхгүйгээр бор зүрхээрээ, сэтгэл зүрхээрээ дөчин жилийн турш чөлөөт уран бүтээлээ туурвисан.  Улс орноо долоон удаа тойрч, гадаадад амьдарч буй монголчууддаа ая дуугаа өргөсөөр ирсэн. Энэ олон жил уран бүтээлээ туурвиж, дөчин жилийн тоглолтоо хийгээд нэг сарын дараа “Ардын жүжигчин” цолоо гардаж авлаа. Яам, агентлагууд маань уран бүтээлчдээ маш сайн судалж, энэ хүн ямар учраас шагнал авах ёстой байдгийг цаг тухайд нь мэдэгдэж, судалгаа хийдэг гэдэг нь тодорхой болж байна.

 Би 2005 оны зургаан сарын хорин 22-нд “Гавьяат” цолоо авч байсан. Хорин нэгэн жилийн дараа “ардын жүжигчин” цолоо авлаа. Хоёргүй сэтгэлээр, өөрийнхөө дуулах хүсэлдээ хөтлөгдөж, арван зургаахан настай охин байхаасаа дуулж эхлэн, өөрийнхөө амьдралын талаас илүү жилийг  урлагт зориулсан байна.Ямар нэгэн ашиг, нэр хүнд хөөцөлдөж дуулаагүй, дуртайдаа дуулсаар ирсэн, цаашдаа тэгэх болно. Сараагаа дэмжиж, урам өгч санхүүжүүлж байдаг сонсогч түмэндээ, намайг уран бүтээлээр хөглөж байдаг хөгжмийн зохиолч, яруу найрагч, продюсер, рок попын хамт олонд, урлагийн бүх уран бүтээлчид, ивээн тэтгэгчид, төр, ерөнхийлөгчдөө чин сэтгэлээсээ талархаж байна.

 Тавин зургаан насандаа “ардын жүжигчин” гэх энэ сайхан цолыг төрийн наадмын өмнө гардаж авна гэдэг бол ганцхан миний шагнал биш. Миний урлагийн хамт олны шагнал болов уу гэж бодож байна. Би ганцаараа дөчин жилийг туулаагүй, бид хамт туулсан, цаашид ч хамт хөгжих болно" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна