Үндэсний их баяр наадам ойртсонтой холбогдуулан сошиал орчин, иргэдийн дунд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сандал стандартын шаардлага хангаагүй гэсэн шүүмжлэлийг дагуулаад байна.
Монголчууд бидний үндэсний баяр болох наадмыг гадаад дотоодын жуулчид болон эх орныхоо өнцөг бүрээс зорин ирдэг. Гэтэл наадмын нээлт болох Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сандал нь стандартын шаардлага хангаагүй, мөн хүмүүс хоорондоо зөрөх нь маш хүндрэлтэй байгаа юм.
Эгнээ дүүрэн хүн суучихсан байхад цаад талын сандал дээр суух хүмүүс бүхэл бүтэн эгнээ хүмүүсийг босгож байж суудалдаа хүрэх жишээний. Сандалнуудын хувьд урагш, хойш бага зэрэг хөдөлнө. Гэвч нээлтээ үзээд сууж байгаа хүн урд талын хүнийхээ толгой дээр нь хөлөө тавих шахуу давчуу зайнд сууна.
Наадмын нээлтийн тасалбар цахимаар хэдхэн минутанд зарагдаж дууссан. Улмаар шагийн үнэ 400-600 мянган төгрөгт хүрээд байгаа юм. Хагас сая төгрөг зарцуулан Үндэсний их баяр наадмынхаа нээлтийг үзэх төв цэнгэлдэхийн стандарт, багтаамжийн асуудал жил бүр яригддаг ч тодорхой шийдэлгүй дараагийн наадам тулж ирдэг нь энгийн үзэгдэл болсон мэт.
Энэ талаар бид иргэдээс тодрууллаа.
Иргэд "Зурагнаас харахад бол урд нь хичнээн сайхан үзүүлбэр үзүүлсэн ч хүн хөлөө ч тавьж багтахгүй зайнд сууж чадахгүй юм байна лээ. Монголыг минь энэ талаар нь хараад дүгнэх байхдаа гэхээр жаахан ичсэн. Яагаад энэ олон жил хэвээрээ байдаг юм бол. Намайг бага байхад л ийм хэрүүл хийдэг байсан, одоо ч гэсэн хэвээрээ л байж байх юм. Яачихсан юм бол доо хөөрхий гэж боддог.
Жил болгон ийм асуудалтай байдаг ч баярлаад л өнгөрөөчихдөг. Гэхдээ гадна жуулчны нүдээр харах юм бол үнэхээр ичмээр харагдаж байсан.
-Саяхан твиттерээс сурвалжлага харсан юм. Хоорондын зай нь ойрхон, хүн суухад хэцүү л харагдсан. Бид нар бол яахав бие жижиг Ази хүмүүс шүү дээ. Том биетэй, урт хөлтэй жуулчид суухад их хэцүү юм байна лээ. Сандалнуудыг солих хэрэгтэй л гэж бодож байна.
Хөл тавих зай нь маш ойрхон, бараг тулчихсан харагдсан. Зөрөх ч зайгүй, хүн суучихвал урдуур нь гарах боломжгүй. Зөрөх байтугай зүгээр сууж байгаа хүн нь ч тухтай сууж чадахгүй санагдсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна