О.Цогтгэрэл: 2027 оны төсөв бол цэвэр хууран мэхлэлтийн шинжтэй, залилангийн төсөв

Х.Есү
1 цаг 17 минутын өмнө

УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга О.Цогтгэрэл: "2027 оны төсөв бол цэвэр хууран мэхлэлтийн шинжтэй, цэвэр залилангийн төсөв гэж дүгнэхээс өөр аргагүй. Энэ бол хэрэгжих боломжгүй төсөв. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Монгол Улс оршино уу эс оршино уу гэдэг нь энэ Засгийн газарт хамаагүй юм байна. 

Хэрвээ энэ төсөв батлагдахгүй бол АН руу буруугаа чихье гэдэг жижиг заль бүхий залилангийн шинжтэй л төсөв юм. Тэтгэврийг 200 мянган төгрөгөөр нэмнэ гэж байгаа ч 20-30 хувийн хүнсний инфляцтай энэ үед энэ мөнгө үнэ цэнгүй болно. Өргөн барьсан төсөвт Ерөнхий сайдын хувийн эрх ашиг, тухайлбал түүний хувийн сургуультай холбоотой 3.5 тэрбум төгрөг тусгагдсан нь нотлогдож байгаа бөгөөд үүнийгээ "Сайд нар оруулаад ирчихэж" хэмээн хариуцлагаас бултаж, танхимын зарчмаа алдсан нь байдлыг улам хурцатгаж байна. 

Өнгөрсөн хаврын чуулганаар хариуцлагагүй байдал, улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарсан зэрэг үндэслэлээр Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьж байсан бол өнөөгийн нөхцөл байдал нь эдгээр шаардлага хэчнээн үндэслэлтэй байсныг нотолж байна. 

АН-ын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь бүлэгтээ тодорхой чиглэл өгсөн байна. Тодруулбал, Н.Учрал огцрох ёстой. Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д нэн даруй оруулж ирэхийг шаардаж байна. 

Засгийн газрын танхимын гишүүд нь Ерөнхий сайддаа, Ерөнхий сайд нь танхимын сайд нартаа итгэхгүй байна. Энд чинь кабинетийн зарчим гэж алга. Хууль зүйн сайд нь ял наймаалцсан тухай баримт, бичлэгүүд ил болсон нь зөвхөн улс төрийн бус, эрүүгийн хариуцлага тооцох ноцтой хэрэг. 

Мөн Гадаад хэргийн сайд нь өөрийн компанидаа гадаад паспорт хэвлүүлсэн. Зам тээврийн сайд нь хувийн төмөр замтай холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хохироосон гэх асуудал, түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, хуучин сайд нар 110 сая долларын асуудлаар баримт нотолгоо дэлгэж байгаа зэрэг хууль бус үйлдлүүдэд хариуцлага тооцох цаг болсон" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна