Нийслэлийн хэмжээнд иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ. Аян есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл сарын хугацаанд үргэлжилнэ.
Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн 293619 иргэнийг улирлын томуугийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Үүнд 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан болон архаг суурь өвчтэй иргэд багтаж байна.
Энэ жилийн улирлын томуугийн эсрэг вакцин нь БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакцин бөгөөд томуугийн дөрвөн төрлийн вирусийн эсрэг дархлаа тогтоох үйлчилгээтэй ажээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар: Өнгөрсөн жил нийслэлд томуугийн 106,912 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт өвчлөгсдийн 50 хүртэлх хувийг 0-6 насны хүүхдүүд эзэлжээ. Нийслэлд 0-6 насны 230 орчим мянган хүүхэд амьдардаг бөгөөд энэ жил тэдний 210 мянга буюу 80-аас дээш хувийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна.
Томуугийн улирлын идэвхжил аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг. Харин вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг байна.
Зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулснаар томуугийн халдвараас үүдэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой. Мэргэжлийн байгууллагууд иргэдийг өвдсөний дараа арга хэмжээ авахаас илүүтэйгээр өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлж, “Томуугийн эсрэг хамтдаа” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна