АЙЛЧЛАЛ: АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн “Ухаалаг хот, инновацийн төв”-тэй танилцлаа

Zuv.mn
41 минутын өмнө

БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад айлчилж буй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал өнөөдөр эхэллээ. Айлчлалын эхний өдөр төлөөлөгчид Хэбэй мужийн Шюнань шинэ бүсэд ажиллаж, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалт, ухаалаг хотын удирдлага, технологи, инновацийн шийдлүүдтэй танилцлаа.

_72A7991.JPG


Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Шюнань шинэ бүсийн Ажлын хорооны Гадаад харилцаа хариуцсан дарга Лю Зилянтай уулзаж, хот байгуулалт, дэд бүтэц, ногоон хөгжил, эдийн засаг, худалдаа болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.


Уулзалтын үеэр Лю Зилян Шюнань нь Бээжин хотын нийслэлийн бус чиг үүргийг шилжүүлэн авч, хүн ам, эдийн засгийн хэт төвлөрлийг сааруулах зорилгоор байгуулж буй инноваци, шинэ технологид суурилсан хот гэдгийг онцлов. Тэрбээр, “Шюнань шинэ бүсийг анхнаас нь нэгдсэн төлөвлөлтөөр байгуулж байгаа бөгөөд газар доорх, газар дээрх болон үүлэн буюу cloud хот гэсэн гурван түвшний бүтэцтэй хөгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар тус бүс 1.4 сая орчим хүн амтай бөгөөд бүтээн байгуулалт бүрэн хэрэгжсэнээр таван сая оршин суугчтай болох зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

_72A7916.JPG


Мөн Монгол Улсын Ардчилсан намын даргын айлчлал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн эдийн засаг, худалдаа, хотын засаглал, дэд бүтэц, ногоон хөгжил, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэлээ.


Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд “Бид айлчлалынхаа эхэнд Шюнань шинэ бүстэй танилцах саналыг тавьсан. Учир нь том хотын дэргэдэх шинэ хотыг анхнаас нь хэрхэн төлөвлөж, ногоон хөгжил, технологи, инноваци болон эдийн засгийн шийдлүүдийг хот байгуулалтад хэрхэн уялдуулан хэрэгжүүлж байгааг судлах сонирхолтой байлаа.

Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотод тулгамдаж буй хот төлөвлөлт, төвлөрөл, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд Шюнань шинэ бүсийн туршлага, шийдлээс суралцах зүйл их байна. Цаашид хот байгуулалт болон харилцан сонирхсон бусад чиглэлээр бодитой хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.


Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн Гарааны бүсийн нэгдсэн үйлчилгээний төв, Ухаалаг хотын инновацийн төв, И Ань хорооллын үйлчилгээний төв болон шинээр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцлаа.

Шюнань шинэ бүсийг 2017 онд Бээжин хотын нийслэлийн бус чиг үүргийг шилжүүлэн авах, бүс нутгийн уялдаа холбоо, хамтын хөгжлийг дэмжих үндэсний хэмжээний төсөл болгон байгуулжээ.


“Эхлээд төлөвлө, дараа нь бүтээ” зарчмын дагуу хөгжүүлж буй тус бүсэд хотын дэд бүтэц, 15 минутын амьдралын тойрог, төрийн өмчит компаниуд, өндөр технологийн аж ахуйн нэгжүүд, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд үе шаттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.


Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын улс төрийн намуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна