Т.Жамбалцэрэн Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй хамтын ажиллагааны санал солилцов

Х.Есү
41 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Иноүэ Шинжи, Сакамото Рюүтаро, Сэто Такаказү болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса нарын төлөөлөгчидтэй өнөөдөр Төрийн ордонд уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ХХААХҮ-ийн сайдын мэндчилгээг уламжилж, Японы парламентын гишүүдийг Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлэв.

May be an image of ‎one or more people and ‎text that says '‎של‎'‎‎

Тэрбээр Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосноос хойш 50 гаруй жилийн хугацаанд харилцан итгэлцэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж, өнөөдөр “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцоллоо. Мөн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын хөгжилд Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн шугамаар үзүүлж ирсэн дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнг дурдав. Түүнчлэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцож буйг онцлон тэмдэглэж, энэ хүрээнд салбар хоорондын бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэх боломж байгааг хэлэв.

Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Японы парламентын ОИСКА бүлгэм, ОИСКА байгууллагын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тус бүлгэм нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад мод тарих, байгаль хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, техникийн сургалт зохион байгуулах чиглэлд дэмжлэг үзүүлдэг байна. Мөн ОИСКА олон улсын байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хөгжиж буй орнуудын залуусыг Японд сургаж, хөдөө аж ахуй, техникийн чиглэлээр мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар мэдээлэв.

May be an image of one or more people and text

“ОИСКА Монгол” ТББ 2007 онд Монгол Улсад байгуулагдаж, 20 шахам жил үйл ажиллагаа явуулахдаа 33 залууг Япон Улсад сургасан талаар дурдав. ОИСКА цаашид залуучуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, монголчуудын хамгийн их унадаг “Тоёота” үйлдвэрийн автомашины техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх боломжийн талаар дурдлаа. Мөн хөдөө аж ахуйд ухаалаг төхөөрөмж, шинэ технологи нэвтрүүлэх, хөрсгүй тариалалтын инновацыг хөгжүүлэх, ойжуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх санал гаргалаа.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн саналыг хүлээн авч, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах хүрээнд хүний нөөцийн хөгжил, технологи ба мэдлэгийн шилжилт, залуу ажиллах хүчний солилцоо, тогтвортой хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал гэсэн уялдаа холбоотой чиглэлээр Монгол, Японы хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ялангуяа Монголын хөдөө аж ахуйн салбарт ажиллах шинэ үеийн мэргэжилтэн, залуу ажиллах хүчийг бэлтгэхэд ОИСКА болон Японы холбогдох байгууллагуудын туршлага, дэмжлэгийг ашиглан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.

May be an image of one or more people and text

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг онцолж, ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлсэн төслийн үр дүн, таван жилийн хугацаанд 50 мянган мод ургуулах амлалтыг биелүүлсэн амжилтыг дурдав. Тэрбээр цаашид хоёр улсын харилцаанд “хүн төвтэй” хамтын ажиллагааг чухалчилж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Засгийн газар Япон Улстай хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэв. Мөн ОИСКА-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, өнөөдрийн санал солилцсон асуудлуудыг бодит ажил, тодорхой төсөл, үр дүнгээр баяжуулах хүсэлтэй байгаагаа хэлж, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд амжилт хүслээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна