Засгийн газраас 2026 оны төсвийг тодотгож, УИХ-аар хэлэлцүүлж байна. Төсөлд энэ оны төсвөөс 1.4 их наядыг танаж, багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэхээр тусгасан. Төслийг мэргэжлийн байгууллагынхан шүүмжилж байна. Байр суурийг хүргэе.
Иргэдийн амжиргааг хамгаалах бодлого төсвийн зарлага, алдагдлыг нэмж байна
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг төсвийн бодлогоор дамжуулан шийдвэрлэх нь зохисгүй гэж үзсэн байна.
Төсвийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс төсвийн тодотголын шаардлага, зорилгыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд иргэдийн амьжиргааг хамгаалах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулахад чиглэсэн бодлогыг төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх аргаар үргэлжлүүлэн явуулах нь алдаанд хүргэж болзошгүйг санууллаа. Мөн эрх зүйн орчны өөрчлөлт төсвийн зарлагын өсөлтийн гол нөхцөл болж байна. Төсвийн орлогын бүтэц, эмзэг байдал нэмэгдэж буйг анхаарч, зарлагын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлтийг хийхдээ төсвийн зарлагад ирээдүйд үзүүлэх нөлөөллийг тооцож шийдвэрлэдэг байх хэрэгтэй гэсэн юм.
Аудит: Төсвий тогтвортой байдалд нөлөөлнө
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан.
Ерөнхий аудитор төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна.
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэжээ.
Банкны холбоо: Иргэдийн халаасанд байгаа мөнгө инфляцад идэгдэнэ
Мах, шатахууны үнийн өсөлт, тээвэр, ложистикийн зардлын нэмэгдэл болон цаашид шатахууны үнэ өсөх эрсдэлийг харгалзан үзвэл инфляц оны эцэст 18 хувьд хүрэх эрсдэлтэй гэх тооцооллыг Банкны холбоо танилцуулав.
Харин энэ тооцоололд 2026 оны төсвийн тодотголоор нэмэгдэх зардлыг бүрэн тусгаагүй гэдгийг сануулав. Тиймээс төсвийн тодотголоор нэмэгдэх зардал болон 2027 оны төсвийн төслийн өндөр тэлэлт хэвээр үргэлжилж, батлагдвал инфляцын дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж Банкны холбоо анхааруулсан юм.
Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар: Төсвийн нэмэгдэл тодорхой бүлэг хүмүүсийг дэмжиж байна. Ялангуяа төрийг дагасан хэсэг л хамгаалагдаж байна. Мөн тэтгэврийнхэн болон төрийн албан хаагчдыг дэмжиж, инфляцаас хамгаалж магадгүй. Энд 300-400 мянган хүн яригдах байх. Хувийн хэвшлийнхний цаана байгаа 700-800 мянган хүний амьжиргаа улам дордох нь. Иргэдийн халаасанд байгаа мөнгө инфляцад идэгдэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн халааснаас нь мөнгийг хулгайлж буйтай адил зүйл болно. Инфляцыг хөөрөгдөхгүй байдлаар иргэдийнхээ амьжиргааг дэмжих байдлаар ажилламаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна