УИХ энэ өдрүүдэд 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд энэ оны төсвөөс 1.4 их наядыг танаж, төр бүсээ чангалахаа мэдэгдээд буй юм. Гэсэн ч сөрөг хүчин болоод эрх баригчид бүлгийнхээ зарим гишүүний шүүмжлэлтэй тулгарч байна.
Ямартай ч Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын дагуу төр хэмнэлтээ өөрөөсөө эхлэхээ Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. Тэрбээр “Төрийн байгууллагуудын томилолт сургалт, тавилга хэрэгсэл, унаа тэрэг, хурал форум, баяр ёслол, зар сурталчилгаа зэрэгт зарцуулах байсан мөнгийг цалин тэтгэвэрт шилжүүлж байна. Энэ онд эцсийн бодит үр дүн нь гарахгүй төсөл, арга хэмжээний төсөв мөнгийг хасна. Иргэддээ зориулсан үндсэн үйлчилгээг огт танахгүй. Хүндээ хүртээлгүй олон зардлыг танана. Энэ бүхнээс 1.4 их наяд төгрөг хэмнэхээр тооцлоо. Өнөөдөр төр түргэн, цагдаа, онцгой байдлынхаас бусад машин авах цаг биш. Өнөөдөр хүний төлөө шийдэх цаг. Өнөөдөр төр хурал форум хийж, дуусдаггүй яриагаа сунгах цаг биш. Өнөөдөр хоосон яриа биш бодит шийдвэрүүдээ сонгох цаг” гэж мэдэгдэв.
Хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэдийг хэрхэн зориулахаа Ерөнхий сайд ингэж тайлбарлалаа.
1. 196.3 тэрбум төгрөг. 2026 оны 11-р сарын 1
435 мянган ахмад настан бүрд 11-р сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр олгоно. Ахмад настан бүр ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамаарч 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах шударга шинэчлэлээ шинэ оныг хүлээлгүй шууд эхлүүлнэ. Энэ бол нэг удаагийн халамж биш. Хүний насан туршийн ажил хөдөлмөрийн шударга үнэлгээ юм.
2. 844.6 тэрбум төгрөг. 2026 оны 11-р сарын 1
Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувь нэмнэ. Энэ онд нэмсэн 30 хувь нийлээд 50 хувь болно. Байгаль орчин, цаг уур, хөдөө аж хөдөө аж ахуй, соёл спорт зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчдын цалинг нэгэн жигд нийтэд нь 50 хувь нэмнэ. Боловсролын салбарын дутагдсан цалингийн зөрүү зардлыг шийдвэрлэнэ.
3. 50 тэрбум төгрөг-Гэрт ойрхон сургууль.
Гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль. Гэрт ойрхон улсын сургууль хаана байхгүй байна, тэнд зориулалтын барилга байшин, анги танхимын түрээсэлж, тоног төхөөрөмж, төрөлжсөн ахлах сургуульд зарцуулна.
4. 150.0 тэрбум төгрөг- Мах, ногоо, улаанбуудайн нөөц
Мах, улаанбуудай, хүнсний ногоо нөөцлөх, хадгалах зоориудыг томсгох, олон болгоход зарцуулна. 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө. 20 000 тонн мах нөөцөлнө. 12 000 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцөлж авна. Хүнсний үнийн өсөлтийн талаас илүү нь болдог мах, гурил, төмс, ногооны илүү их нөөцтэй болно. Хүнсний хангамж нөөцөө хаана хэд байгааг шууд харж мэддэг цахим хяналт тогтооно. Энэ нь хэнд хэндээ амар. Айлаар бол идшээ бэлтгэдэг, үүцээ хийдэг улс болъё гэсэн шийдвэр юм.
5. 200 тэрбум төгрөг-Гал алдахгүй
Импортын цахилгааны үнийн өсөлтийг өрх айлууддаа үүрүүлэхгүй. Үнэ тарифын зөрүүг нь нөхнө. Өвлийн ид хүйтнээс өмнө цахилгаан станц, шугам сүлжээгээ засаж янзалж, шинэчилж сайжруулж авна.
6. Нэг их наяд 600 тэрбум төгрөг.
ТӨК-иудын 1,6 их наядын ногдол ашгийг төрийн өмчийн жинхэнэ эзэд болсон иргэддээ зориулна. Төрийн өмч бол ард түмний өмч. Эзэн нь болсон иргэддээ үр ашгаа өгдөг байх нь шударга юм. Төрийн өмчөөс иргэдийнхээ хүртэх үр өгөөжийг өсгөж арвижуулах, ил тод нээлттэй болгох дуусдаггүй яриаг дуусгахын төлөө гишүүдтэй хамтран ажиллана. Төсөв үндсэндээ татварын орлогоос бүрдэж, тэр хэрээр баялаг бүтээгчдээ, хөдөлмөрлөж буй хүмүүсийнхээ нуруун дээр ачаа дарамт нэмж байгааг дорвитой засах бодитой алхам болно. Төсвийн тодотгол бол ТӨК-иудын ногдол ашгийг төсөл, хөтөлбөр нэрээр зарцуулахын оронд ард түмэндээ зориулах хоёр сарын өмнө баталсан хуулийг амьдралд хэрэгжүүлэх шийдвэр юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна