УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Тэрбээр, "Миний “Албан тушаалтны хөрөнгө хураах хууль”-ийг хэлэлцэлгүй 531 хонож байна. Гэхдээ Ерөнхий сайд Н.Учрал энэ хуулийг батална гэж мэдэгдсэн. Тиймээс хууль маань явах нь гэж баярлаж байна. ХЗДХ-ийн яамнаас хуулийн төсөлтэй холбогдуулан зохих өөрчлөлтийг хийгээд дахиж өргөн барих гэж байна гэж ойлгосон.
Үндсэн хоёр зүйл л байгаа. Авлигач хулгайчуудын өнгөрсөн 30 жилийн турш Монголын ард түмнээс булаасан, хулгайлсан хулгайг буцаах зорилгоосоо гажиж болохгүй. Энэ хуулийг баталсан өдрөөс нь хойш дагаж мөрдүүлэх оролдлого байгаа. Өмнө нь хууль бусаар орлого олсон хүмүүсийн хөрөнгийг хураахгүйгээр одоо цаашаагаа үйлчилье гэдэг зүйлийг ярьж байгаа. Үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй ингэвэл утгагүй.
УИХ дээр нэн шаардлагатай, хэлэлцэгдэх ёстой олон хуулийн төсөл унаж байна. Тухайлбал, саяхан С.Цэнгүүн гишүүний өргөн барьсан хууль уналаа. Гэтэл ард түмний язгуур эрх ашигт сөргөөр нөлөөлөх хуулиуд ар араасаа батлагдаж байна. Санал хураалтад цөөнх болж байгаа гишүүний хувьд үүнд туйлын харамсаж сууна.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт яагаад олон нийтийн хэлэлцүүлэгт оролгүй гараад явчихсаныг гайхаж байна. Арав хоногийн өмнө батлагдсан хуулиар лиценз олголт маш их хэмжээгээр, бүр задгай нэмэгдэхээр боллоо.
Өнөөдөр олгогдсон лицензүүд дээр л гэхэд иргэд, малчид эх нутгаа хамгаалаад, ухуулахгүй гээд тэмцэж байна. Халхын Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутгаас ердөө 15 километрийн зайд лиценз олгогдчихсон, ухна гээд байж байна. Үүнийг дагаад нутаг орноо хамгаалсан, хариуцлагатай уул уурхай нэхсэн иргэд болон уул уурхайн хөрөнгө оруулагчдын хооронд дахиад л маргаан, мөргөлдөөн үүснэ.
Бидний хайрлан хамгаалах ёстой онгон байгалийн доор ашигт малтмал байгааг хайж илрүүлээд яах юм бэ? Бид эх орныхоо төв цэг, Өндөр гэгээнийхээ унасан газрыг ухтлаа доройтоогүй байна. Жилд 20 сая тонн нүүрс олборлодог байснаа 50, 60, 70, 80 сая тонн болгож нэмэгдүүлээд ард иргэдийн амьдралд юу өөрчлөгдсөн юм бэ? Юу ч өөрчлөгдөөгүй, бидний зовлон бэрхшээл хэвээрээ л байна.
Унаган төрхөөрөө үлдсэн онгон байгалиудаа "зүгээр л хайгаад үзье" гэдэг нэрийн дор ухаж болохгүй. Нэгэнт тэнд баялаг байна гэж тогтоогдвол цаашид ухах сонирхол гарч ирнэ. Төрөөс хайгуулын зөвшөөрөл өгсөн учраас компаниуд итгээд асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Тэгээд дараа нь ухах боломжгүй болоод гацдаг. Энэ нь нэг талдаа аж ахуйн нэгжийг хохироож, нөгөө талдаа уул ус, ургамал амьтан гээд эх байгальд аюул учруулдаг. Өмнө нь сонгон шалгаруулалтаар олгодог байхад л өнгөрсөн жил олон тооны лиценз нэмэгдсэн. Гэтэл одоо бүр задгай болгож байгааг эсэргүүцэж байна. Нэгэнт орд нь тогтоогдчихсон, Монгол Улсын стратегийн шинжтэй хөрөнгө оруулалт орсон тодорхой бүс газруудад уул уурхайн төслүүдээ хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдаа хамгаалаад явж болно. Харин Монгол орны хаана ч хамаагүй ингэж замбараагүй лиценз нэмдэг хууль баталсанд бухимдалтай байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна