БГД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны орцонд архи ууж байгаад 5 хүн нас барсан хэрэг өчигдөр /2017.01.16/ гарсан талаар бид мэдээлсэн. Архинд хордож амь насаа алдсан хүмүүсийн нэг нь тус байрны орцны жижүүр байсан байна.
Хэргийн газрын үзлэгээр архинд хордсон байх магадлалтай эд мөрийн баримтууд хураагджээ. Учир нь хохирогчдын хажууд “Найрсаг” архины шил байсан аж. Хаана үйлдвэрлэсэн нь эцэслэн тогтоогдоогүй тус архийг Барс, Нарантуул, Хар хорин зэрэг худалдааны төвүүдэд нууц далд хэлбэрээр худалдаалдаг гэх мэдээллийг албан бус эх сурвалж өглөө.
Таван хүний амь нас хохирсон хэрэг гарсантай холбогдуулан архи согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүр, архи үйлдвэрлэгч байгууллагуудад шалгалт хийж байна. Одоогоор хохирогчдын үхлийн шалтгааныг эцэслэн тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр өнгөрөгч оны гуравдугаар сард “Найрсаг” архи уугаад хордсон тохиолдол гарсан аж. Түүнчлэн хямд үнээр худалдаалдаг “Найрсаг” архийг хэнд, хэрхэн худалдаалдаг талаар өнгөрөгч оны дөрөвдүгээр сард “Өнөөдөр” сонин “Чанаргүй архи, эмэнд живсэн НАРАНТУУЛ” гэсэн гарчигтай сурвалжлага бэлтгэж байжээ. Энэхүү сурвалжлагад дурдсанаар тус архийг “Мөнхжин-Од” компани үйлдвэрлэдэг гэнэ. Сурвалжлагыг эндээс уншина уу. http://mongolnews.mn/1u7u
Сэтгэгдэл бичигдээгүй байна