“Тавантолгойн гэрээг байгуулчихаад сайдын ажлаа өгнө”

2017/01/18
 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Ц.Дашдорж ажлаа өгөх гэж байгаа тухай зарим хэвлэлд бичжээ. Тэрээр өвчний учир ийн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэнэ. Ц.Дашдоржийн дараа АМГ-ын дарга асан Д.Батхуяг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар очно гэж эх сурвалжид бичжээ. Уг асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шийднэ гэсэн мэдээлэл байсан юм. Гэвч Удирдах зөвлөл нь өчигдөр хуралдахад Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ажлаас чөлөөлөх тухай хэлэлцээгүй байна.

Ер нь бол Ц.Дашдорж сайд ажлаа өгөх тухай 2016 оны сүүлчээс яригдаж эхэлсэн байдаг. Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Тавантолгойн гэрээг хэрхэх вэ гэдгийг нэлээд ширүүн хэлэлцсэн. Ширүүн гэдэг нь гэрээг явуулаад дуусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай хэсэг, нөгөө талд үүнийг эсэргүүцсэн гишүүд байв. Өөрөөр хэлбэл, тэр үед эрх баригчид он солигдохоос өмнө Тавантолгойн гэрээг зурна гэсэн төлөвлөгөөтэй байсан гэдэг. Хурлын эцэст тус бүлгийн зарим гишүүн хүчтэй эсэргүүцэж чадсанаар түр хойшлуулахаар болсон юм. Харин тэр хуралд оролцсон  Ц.Дашдорж сайд “...Тавантолгойн гэрээг бушуу түргэн байгуулах хэрэгтэй. Та нар над руу битгий дайраад бай. Би энэ гэрээг байгуулчихаад л сайдын ажлаа өгнө” гэсэн байдаг. 

Ингэхээр Ц.Дашдорж сайдын хэлснээр бодоход Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг солих хугацаа хараахан болоогүй. Учир нь сайд хэлэхдээ “Тавантолгойн гэрээг байгуулчихаад...” гэсэн байгаа юм.

Эр хүн хэлсэндээ гэдэг. Тиймээс Ц.Дашдорж сайд ажлаа өгөх нь тодорхой бололтой.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна