Талын бэртэгчний тухай

2017/01/20
Бэртэгчний хувьд гол дайсан нь өөрийг алж талахаар ирсэн дайсан бус.Үүнийг ойлгохын тулд эргэцүүлэн бодох ухаан, болж байгаа явдлыг ойлгох чадвартай байх хэрэгтэй, гэтэл бэртэгчинд уг чадвар маш бага байдаг. Тийм ээ, бэртэгчин нь идэвхтэй, дайсны эсрэг өөрөөс нь дэмжлэг буюу хүч чармайлт тавихыг шаарддаг овог нэгтнээ гол дайсан гэж үзнэ. Бэртэгчид хөрш баатраа хамгаалагчаа гэж үзэхгүй, өөрийнхөө гай зовлонг түүнээс болсон гэж үзнэ...

Эрэлхэг баатруудын алтан амиар хамгаалуулсан тэр хүмүүс нь юу бодож байв аа? Талын бэртэгчин юу ч бодож байсангүй, бодох завгүй байсандаа бус, ерөөсөө л юм боддоггүй байсан. "Нэг нь үхээ л биз, би л үхээгүйгээс хойш боллоо. Тэр байлдаж тэмцээд сайн юм юу болов? Амиа алдаад л дууслаа. Үнээгээ саагаад архиа нэрж ууя, хонь хагалж цадталаа идье! Нар мандаж, ногоо ургаж, мал бэлчиж байна. Юугаа ч бодох вэ?" гэсэн тулга тойрсон л ойлголттой. "Дайсан ирээд өөрийг чинь ална шүү дээ!" гэвэл "Үгүй мөн ярив аа" гэнэ. Гэтэл дайсан ирээд хамгаалах завдалгүй алж хядаад олзлоод явчихна. Тийнхүү хүмүүс амиа алдаж, Монголын ард түмэн сөнөхийн даваан дээр очсон байлаа. Гэтэл бүх юм орвонгоороо эргэв...

Энэ бол Чингис хааныг тодрохын өмнөх Монголын дүр зураг. Монголчууд Чингис хааныг ураг удмаар нь гадуурхаж, өвөг эцгийг нь модон илжигт халуулж, эцэгт нь хор өгч алаад, улаан цурав хүүхэдтэй Өүлэн эхийг буурин дээр нь хаяж нүүхээс эхлээд Тэмүжинг бага балчир цагт нь алахыг хэдэнтээ (тайчууд, мэргид) оролдож, ах нь Тэмүүжинг ховлож, нас биед хүрэхэд нь хатныг нь булаан доромжилж, бүр нууцалж товчоолсноор Таргудай Хирилтуг Алтан улсад барьж өгч 13 жил нүхэн шоронд хорьж, ач хүүг нь хутгалж алахыг завдаж, ах дүүсийн хооронд яс хаяж байсан. 

Хэн тэгсэн билээ? Өнөө бидний үзэн яддаг хятадууд биш, тэд зүрчинд дарагдаад цагаан хэрмийн хаа тэртээ байсан, оросууд сураг ч үгүй байлаа.

... Монголчууд л хаанаа тэгсэн шүү дээ, өөрсдөө, бүр ойр дотно байх тусам хорлонтойгоор хөнөөхийг эрмэлзсэн. МНТ-г уншаад Чингис хааны түүхийг хараад цээжээ дэлдэгчид, өнөөгийн улсаа зардаг, хүнээр хүнс хийдэг богино бодолтой, худалдагдсан этгээдүүд тэр хөлгөн түүхээс өөрсдийнхөө царайг олж харах хэрэгтэй дээ. Өсөрхүү мэргидүүдийг, зүрчинд үйлчлэгч худалдагдсан татааруудыг, ухвар мөчид ухаан богино Ван хан, хийрхүү Сэнгүмийг, хорчин Жамухыг, хүүхэн шиг Таян хаан, хар муу хиртэй ханхлах муу үнэртэй гэж муулагч Гүрбэсү гуаг өөрөөсөө олж хар! За тэр ихэс дээдэс нь биш юм гэхэд хаанаа хаяад улсаа орхиод нүүдэг мулгуу хамжлагаас нь өөрсдийгөө хар. Бидний түүх бол бидний толь юм шүү дээ.

Хэнд чинь ч Чингис хааны дүр харагдахгүй. Үүнийг тэнгэрийн нэр барьж хэлнэ. Тэр хөлгөн тууль дахь Чингис хаанаас бусад нь бид. МНТ бол биднийг ялж, тойгийг нь сөгтгөж, толгойг нь бөхийлгөсөн түүх юм шүү.

Өнөөдөр яг тэр үе шиг улс орныхоо эрх ашгийг хамгаалсан, тэмцсэн бүхнийг бидэнд "гай боллоо" гэж зүхэж байна. Аль аль намаасаа хөөж "урт дурын хүмүүс" болгож байна.

Тэмцэлд уриалахаар яг дээр дурдсан бэртэгчин шиг унгастай хөнжилдөө толгойгоо шааж байна. Зүв зүгээр ухаад ачаад явж байхад нь муусайн попууд эсэргүүцээд хөрөнгө оруулалт үргээчихлээ, би үнэтэй утас барьж, далайн эрэгт очиж чадахгүй байна. Ядуурч өлсөж үхлээ гэж байна. Ард түмэн гэхээр тэдний нэрийг барьдаг поп гэнэ. Тэмцэл мухардахаар "хохь нь" гэхээр барахгүй урдаас нь улангасан унасан дээр нь гадныхантай нийлэн дэвсэж байна. Оркууд үхэж дуусвал таарна гэж харааж байна. Гадныхнаас мөнгө л авбал бүхнийг хийхэд бэлэн ухаангүй тэнэг бэртэгчин эр, эмс үүгээр дүүрэн нэгийг муулж нөгөөг өмөөрч жүжиглэж байна. Тэдэнд юу болоод яагаад ингэж үхэн тэмцээд байгааг бодох ухаан байхгүй, яагаад гэвэл бэртэгчин л учраас...

Гэхдээ үүнийхээ хариуг Та нар нэг өдөр хар толгойгоороо мэдэрнэ шүү. Үүнийг зүрхэндээ ойр тусгаж байгаа хүмүүс цааш түгээгтүн. Гэхдээ бэртэгчид олонх нийгэмд угаасаа цаадуул чинь ойлгохгүй. Харин ийм бэртэгчин шааруудыг хараад бүртгээд сууж байх хэрэгтэй. Тамплиерүүд яг ингэж мөнгө хийж галзуурч байгаад Варфоломейн шөнөд өртчихсөн дөө...

Энэ бол "Хар домог" юм шүү.

Нийтлэлч А.Баатархуяг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна