Булган аймгийн Рашаант сумын нутаг “Тээг толгой” гэдэг газарт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, Монголын циркийн гурван жүжигчин харамсалтайгаар амиа алдаж, гурав нь хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн ноцтой осол гарч олныг цочирдуулаад байна.
Амиа алдсан залуусын нэг нь “Авъяаслаг Монголчууд-2015” шоуны оролцогч, илбэчин М.Гантулга байсан байна. Тэрээр шилдэг оролцогч болж чадаагүй ч олон нийтээс өндөр үнэлэлт авч, танигдаад байсан юм.
Талийгаач М.Гантулга шоунд оролцсоныхоо дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголд мэргэжлийн илбэчин гэж хэлж болохоор 6-7 хүн бий. Гэтэл энэ урлагийг байнга зурагтаар гаргаад ч юм уу, фм, радиогоор нэвтрүүлээд байх боломжгүй. Илбийн урлагийг хэрвээ 100 хувь гэж үзвэл одоогоор 50 хувь болтлоо хөгжсөн байна. Бидэнд аливаа илбийг үзүүлэхэд материал, техник зэрэгт жаахан дутагдах, гачигдах асуудал гардаг ч мэдээж илбийн урлагийг хөгжүүлэхэд асуудал биш. Циркийн урлаг л гэхэд нэг хэсэг уналттай байж байгаад одоо олон улсад хэрхэн гайхагдаж байна. Тиймээс 2018 он гэхэд Монголын илбийн урлагийг, илбэчин М.Гантулгыг маш өндөр түвшинд хүргэх зорилготой байгаа” хэмээн ярьж байсан юм.
Ослын талаар тодуулахад "Toyota Estima" маркийн автомашин, "Daewoo Ultranovus", "Lexus 570" маркийн автомашинуудтай мөргөлдсөн байна. Тэд Баянхонгор аймаг руу урилгаар тоглолт хийхээр явж байсан бөгөөд алиалагч Баасанжаргал, жонглёрчин Идэрбат, илбэчин Гантулга нар ослын улмаас газар дээрээ амьсгал хурааж, гэмтэж, бэртсэн гурав нь Булган аймгийн Рашаант сумын эмнэлэгт хүргэгджээ. Ослын талаар эх сурвалжууд гэрлээ унтрааж зогссон ачааны тэргийг тойрч гарах үед өөдөөс нь хурдтай жийп машин гарч ирэн мөргөлдсөн гэнэ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Сэтгэгдэл бичигдээгүй байна