АНУ-д эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд Доналд Трампыг эсэргүүцэн мянга мянган хүн жагсаж байна

11 цаг 16 минутын өмнө
Бямба гарагт АНУ-ын Вашингтон, Лос-Анжелес, Бостон, Нью-Йорк, Чикаго зэрэг хотууд болон бусад олон улс оронд хэдэн зуун мянган хүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг уриалахын сацуу шинэ Ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцэн жагслаа. “Эмэгтэйчүүдийн жагсаал”-д Конгрессын гишүүд, дэлхийд алдартай эмэгтэй жүжигчид болон хэдэн зуун мянган жирийн иргэд, тэдний дотор тэтгэвэртээ гарсан багш /78 настай/ охин, хоёр зээ охинтойгоо оролцжээ.

Багш эмэгтэй ярихдаа "хүмүүс ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүний төлөө саналаа өгөхөөс эмээдэг болохыг би мэдэрлээ. Би энд эмэгтэйчүүдийн төлөө, эмэгтэйүүдийн эрхийн төлөө охин болон хоёр зээ охиноо дагуулан ирлээ" гэв. “Бид эмэгтэйчүүдийг дэмжиж байгаагаа харуулахыг хүсч байна. Д.Трампын засаг захиргааны үед эмэгтэйчүүдийн эрхэнд халдах тохиолдол гарч болзошгүй гэж бид болгоомжилж байна” гэж жагсагчид ярив.

Хамгийн том жагсаал Вашингтонд болжээ. Пенсильванийн өргөн чөлөө жагсагчдаар дүүрсэн байв. Цагаачид, лалынхан болон эмэгтэйчүүдийн талаарх байр суурьтай нь холбогдуулан кино зохиолч Майкл Мур, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Глория Стейнем, дуучин хөгжимчин Алиша Кис болон бусад алдартан Д.Трампыг шүүмжиллээ.

Америк даяарх жагсаал

Жагсаалыг зохион байгуулагчид хэлэхдээ “дэлхийн 600 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал болсон” гэв. Жагсаалд хэдэн хүн оролцсоныг тодорхой хэлэх амаргүй. Вашингтонд л гэхэд 500 мянган хүн жагссан ажээ. Бостоны Цагдаагийн газраас өгсөн мэдээллээс үзвэл, тус хотод болсон жагсаалд 120-125 мянган хүн оролцсон байна. Сенатч Элизабет Уоррен Бостоны жагсагчдад хандан “санаа бодлоо илэрхийл. Гомдолло. Тэмц. Дуу хоолойгоо хүргэ. Бүү дуугүй бай. Юу хүсч, юунд итгэж байна түүнийхээ төлөө тэмцэцгээ” гэж байлаа.

Лос-Анжелест 100 мянга гаруй хүн жагссан гэж цагдаа нар мэдэгдэв.

Нью-Йорк хотын оршин суугчид “Trump Tower” цамхгийн гадна эсэргүүцлээ илэрхийлж, V өргөн чөлөө жагсагчдаар дүүрчээ. Хьюстон хотонд 20 мянга, Оклэнд болон Атланта хотод тус бүр 60 мянга гаруй хүн жагссан байна. Америкийн 21 хотод болсон жагсаалын үеэр нийт дөрвөн хүнийг баривчилсан гэсэн мэдээлэл байна. Антарктидад хүртэл эсэргүүцлийн жагсаал

АНУ-аас гадна бусад улс оронд ч “Эгч дүүсийн жагсаал” боллоо.

Дэлхийн томоохон хотууд, тухайлбал Лондон, Тель-Авив, Афин, Австралийн Мельбурн, Косовогийн Приштина, Москва, Берлин болон Мехико хот дахь АНУ-ын ЭСЯ-дын өмнө болон бусад газарт хүмүүс жагсан эсэргүүцлээ илэрхийлжээ. Антарктидад хүртэл эсэргүүцлийн жагсаал болжээ. Олон улсын усанд байрласан хөлөг онгоцон дээрээс байгаль орчныг хамгаалагч жуулчид болон ТББ-ын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 30 хүн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд “Энх тайвны төлөө оцон шувууд”, “шинжлэх ухааны төлөө далайн хавнууд” гэсэн бичиг бүхий уриа лоозонгууд барьсан байв.

Тангараг өргөх ёслолоос ч том

Баасан гарагт болсон Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцсоноос ч илүү олон хүн бямба гарагт эсэргүүцлээ илэрхийлсэн гэж жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Вашингтоны жагсаалд 200 мянган хүн оролцоно гэж тооцоолж байсан бол хагас сая хүн оролцжээ. Д.Трампын тангараг өргөх жагсаалд 250 мянга гаруй хүн оролцсон гэсэн тоо бий. Барак Обамагийнхтай харьцуулахад хамаагүй цөөн хүн түүний тангараг өргөх ёслолд оролцсон байна. Б.Обамагийн 2009 оны тангараг өргөх ёслолд 1.1 сая хүн, 2013 оны ёслолд 782 мянган хүн оролцож байжээ. 
 


А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна