Тэр фракцийн бус ард түмний талд зогсдог, түүнийг сонгоорой

2017/01/28
Би нам бус. Гэхдээ сэтгүүлч хүний хувьд нийгмийг эмчлэх соён гэгээрүүлэх талаас аливааг ажигладаг, сэдэв хөнддөг, бичдэг. Энэ удаа Ардчилсан намын даргын сунгааг анхааралтай ажиглаж байгаа.

Яагаад гэж үү? Би энэ нийгмийн нэг эд эс. Өнөөдөр зөвхөн Ардчилсан намыг биш энэ нийгмийг өөрчлөх, шинэчлэх шаардлагатай байна. Улс төрийн намууд нь үзэл санаагаараа ялгарахаа байсан, доогуураа дайтаж, итгэл үнэмшлээсээ болж эхнэр нөхөр хоёр буруу тийш харан унтаж байхад дээгүүрээ намын удирдлагууд нь нэг хөнжилд ороод, ханцуйн дотроо наймаалцаж, хамаг баялгийг хуваан эзэмшиж байна. Гэтэл өнөөдөр мянга мянган өрх айл гэртээ галгүй, тогоондоо хоолгүй, автобусны мөнгөгүй өлөн зэлмүүхэн амьдарч байна. Монголчууд, нийслэлчүүд бид борви бохисхийлгүй амьдралын төлөө зүтгэж байгаа ч утаан дундаа угаартсаар, замын түгжрэлд стрестсээр, өвдсөн хүүхдүүд эмнэлгийн шалаар дүүрэн хэвтсээр л байна.

Энэ бүхэнд хэн буруутай вэ? Улсын хэргийг удирдаж яваа улс төрийн намуудын бодлогын алдаа гэж би боддог. Учир нь сонгуульд ялж, эрх барьсан нам энэ улсыг авч явдаг. Парламентад суудалтай хоёр намын нэг нь өнгөрсөн сонгуулиар навс ялагдсан алдаандаа дүгнэлт хийж, шинэчлэл хийхийг эрмэлзэж байна. Хамгийн эхний алхмаа хийж, намынхаа гишүүдийг бүртгээд авлаа. Дараагийн алхам нь намын даргаа сонгох гэж байна. Намын даргад өрсөлдөж байгаа нөхдийг та бүхэн анзаарсан л байх. Намынхаа даргаар 6 жил ажилласан, ХАА-н сайдаас эхлээд Сангийн сайд, Ерөнхий сайд хүртэл төрийн том албыг хашсан Н.Алтанхуяг, намынхаа генсекээр 6 жил ажиллаж, АҮ-ийн сайд хийж явсан Д.Эрдэнэбат, Нийгмийн даатгал болон Баянгол дүүргийг “өмчилсөн” С.Эрдэнэ сайд, АН-ын дэргэдэх залуучуудын байгууллагыг 8 жил удирдсан Л.Гантөмөр нар энэ намыг шинэчилнэ гэж үү. Тэдэнд хангалттай цаг хугацаа, эрх мэдэл байсан. Одоо болоо юм биш үү.

Харин Ж.Батзандан бол тэднээс өөр, нэр цэвэр, шударга ёс, эрх чөлөөний төлөө тэмцэгч. Монгол Улсын нэн шинэ үеийн түүхийг авч үзэхэд 1989 оны жагсаал, өлсгөлөн бол иргэний нийгмийн анхны тэмцэл байсан. Энэ тэмцлийг 2004 онд Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн үргэлжлүүлсэн. Тэд авлига бол улс орныг мөхөлд хүргэдэг гэдгийг олон нийтэд сэрэмжлүүлсэн. Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх Оюутолгойн ордын хоёрхон хувийг нь өөрсдөө аваад, 98 хувийг нь гадныханд өгөх гэж байсан луйврын гэрээг зогсоож чадсан. Энэ бол монголчууд та бидний төлөө хийсэн үнэлж баршгүй үйл хэрэг.

Тэр үргэлж шударга үнэний талд байдаг. Цагаан суваргын ордыг хоёрхон гэр бүлд ашиглуулахгүй гэж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хорь гаруйхан настай ганцхан залууд биш Монголын ард түмэнд өгөх ёстой гэж, Тавантолгойн ордыг ганцхан компанид биш Монголын ард түмэн нийтээрээ эзэмших ёстой гэж Ж.Батзандан л хэлсэн, тэр тэмцсэн.

Түүнийг багаар тоглож чаддаггүй л гэнэ. Явцуу эрх ашгийн төлөө нэгдсэн фракциудыг дэмжихгүй гэдгээ тэр ил тод зарладаг. Гэхдээ тэр хамгийн том багтай улстөрч. Энэ бол Монголын ард түмэн гэсэн ганцхан том баг юм. Учир нь тэр үргэлж ард түмнийхээ талд зогсдог.

Түүний мөрийн хөтөлбөрөөс онцолж харсан хэдхэн заалтаа та нартай хуваалцъя. Тэр Ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг эрхэмлэж, намынхаа бодлогыг тодорхойлъё гэсэн. Салхи сэвэлзэхээ байсан Үндэсний зөвлөлдөх хороог задалж, ротаци хийдэг, нээлттэй, ил тод нам болгоё гэсэн. Итгэл эвдэж, хариуцлага алдсан намын удирдах албан тушаалнуудын улстөрийн албан тушаалд томилогдох эрхийг түдгэлзүүлж, жирийн гишүүддээ боломж олгоё гэсэн. Тэр мэргэжлийн холбоод, иргэний нийгмийнхэнд ойр байж, гишүүд гэсэн ганцхан тулгууртай намаа гишүүд, дэмжигч гэсэн хоёр тулгууртай үндэсний хэмжээний нам болгоё гэсэн. Ардчилсан нам энэ бүхнийг хийж чадвал шинэчлэгдэнэ.

Тиймээс Ардчилсан намын гишүүдийг Ж.Батзандангаа дэмжиж сонгоосой гэж хүсч байна. Олон хүн үүнийг хүсч байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Ардчилсан намын мянга мянган гишүүүд зөв хүнээ даргаар сонгож, шинэчлэлийг утгаар нь хийж чадвал энэ нь ганцхан Ардчилсан намын биш манай нийгмийн шинэчлэл болно. Учир нь бид хүссэн ч эс хүссэн ч төр улсын хэрэг улс төрийн намуудын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанаас шууд хамаарч байдаг. Шинэчлэгдсэн Ардчилсан намтай хамт бусад намууд ч бас шинэчлэгдээсэй, Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгээсэй, эцэст нь миний Монголын ард түмэн нуруу тэнэгэр амьдраасай гэж би хүсч байна. Та ч бас үүнийг хүсээгүй гэж үү?

С.Үл-Олдох


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна