Лу.Гантөмөр: Бид хамтдаа намаа хүн бүрт нээлттэй, гишүүдийн нам болгож чадна

2017/01/28

НӨХӨДДӨӨ ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Эрх чөлөөний тугийг өнөд мандуулагч эрхэм нөхөр, Ардчилсан намын гишүүн танд энэ захиа очих өдрийн мэнд дэвшүүлье.

Ардчилсан намын жирийн гишүүн Лувссаннямын хүү Гантөмөр би Ардчилсан намдаа “Эрс өөрчлөлт, Эргэн сэргэлт” авч ирэх чин хүсэл, Монголынхоо хөгжлийг шинэ шатанд хурдтай хүргэх үнэн зорилгоор боловсруулсан Мөрийн хөтөлбөрөө 21 аймаг, 9 дүүрэгт амьдран байгаа үзэл бодол нэг эрхэм журмын нөхөр танд танилцууллаа. 

Одоо биднийг зөвхөн намын даргаа солихоос гадна зайлшгүй хийх намынхаа шинэчлэлийг хэрхэх вэ гэдэг хариуцлагатай сонголт хүлээж байна. Ардчилсан намаа шинэчилсэн шиг шинэчлэх үү, үгүй юу гэсэн чин сэтгэлийн асуулт таны сэтгэлд хадаатай байгаа. 

Та чадна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй ээ.

Бид хамтдаа намаа хүн бүрт нээлттэй, гишүүдийн нам болгож чадна. Намаас гарах шийдвэр бүхний өмнө гишүүн бүрээсээ асууж хэлэлцүүлдэг, зөвлөлддөг, гишүүн бүрээ сургаж хөгжүүлдэг, төрийн болон улс төрийн албанд эртнээс бэлдэж, мэргэшүүлдэг, олуулаа нийлж боловсруулсан хөгжлийн бодлогоо ажил болгож чадах мэргэжлийн багтай хүчирхэг нам болгоно. 

Хүний эрх, эрх чөлөөг тэргүүнд эрэмбэлж, эрх чөлөөний үзэлтэй хүн бүрийг, гишүүдээ өмөөрдөг, хамгаалж чаддаг, гишүүдийнхээ итгэлийг даадаг тулхтай нам болно.
Бид намаа алсын хараатай, бодлогын нам болгож чадна. Бидний стратеги өнөөдрөөс хорь, гуч, дөчин жилийн дараах улс төрийн сонгууль, Монголчуудын амьдралыг төсөөлөн харж, төлөвлөн боддог, шинэ зууны Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн эдийн засгийн цоо шинэ бодлого, хөтөлбөртэй, иргэн бүр нь мэдлэг боловсролтой, бүтээлч, өөртөө итгэлтэй, хариуцлагатай, шинжлэх ухаанч нийгмийг цогцлооход чиглэдэг байх болно.

Бид их эв эеийг намдаа авч ирнэ. Намын шийдвэр заавал нийт гишүүдээр хэлэлцүүлсэний дараа баталгааждаг байна. Ардчилсан нам маань үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдсэн, эрх чөлөөний үзлийг тээгч, бусдад түгээгч, үзэл бодолдоо үнэнч гишүүдийн эв эеийг дээдэлдэг нам болж шинэчлэгдэнэ. Ингэж бид шинэчилнэ.

Энэ бүгдийг хийж чадсан цагт бид иргэд, залуусынхаа итгэлийг олж, итгэл даадаг, ялдаг, тогтвортой зөв бодлогоор Монголоо хөгжүүлж чаддаг нам болно.

Үүний тулд эхлээд бид бие биедээ итгэх хэрэгтэй. Би танд итгэж байна. Хүний эрх, эрх чөлөө, мэдлэг, оюун ухаан хамгийн чухал нь мөн гэж боддогийг тань мэдэж байна.

Иймд би таныг ирээдүйгээ бодож сонголтоо хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Бид хамтдаа ялнаа! 

Танд амжилт хүсье.

Ардчилсан намын гишүүн Лувсаннямын ГАНТӨМӨР

2017.01.27



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна