Д.Эрдэнэбатын факт

2017/01/28
Өдгөө АН-ын даргын сунгаанд өрсөлдөж яваа Д.Эрдэнэбатыг ноён нуруутай, жудагтай нэгэн гэж олон хүн нэрлэдэг л юм. Ёстой л нөгөө зангаараа амраг гэдэг шиг хүн юм байх аа. Ямартай ч 2008 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон энэ хүн 2012 онд намдаа ялалтын тугийг атгуулсан нь гарцаагүй л үнэн юм даг. Улс төрийн намын гал тогоог хариуцна гэдэг амаргүй ажил. Тэр дундаа АН-д. Харин мань эр ойрын биш холын зайны алхам хийж чадсан нь түүний нэг факт нь. Тиймдээ ч тэрбээр энэ олон фракциудын толгойноос ялгардаг. Зүй нь тэрбээр “Монгол хүн 2020 хөтөлбөр”-ийг боловсруулж, түүнийгээ өвөртлөн орон даяар “тэнүүчлэн” явж иргэдтэй уулзан тайлбарлаж, таниулж чадсанаараа АН-д ялалтын тугийг атгуулж байлаа. Тиймдээ ч Д.Эрдэнэбат “20 жил энэ намын гал тогоонд чанагдахдаа би Монгол Улсаа гурав тойрч намынхаа анхан шат шатны гишүүдтэйгээ аль болох ойр ажиллаж байлаа. Ингэхдээ нийт гишүүдийнхээ баяр баясгалан, гуниг гутрал, итгэл сэтгэл, ялалт ялагдлын нулимсыг харсан” хэмээн цээж тэнэгэр хэлж байх вэ дээ. 



Улмаар түүний тэрбээр гавьяаныхаа эзэн сууж, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан. Олон жил төрийн толгойд зайдагнасан ах намынхныг шоконд оруулж, үг хэлэх ч сөхөөгүй болгох шахсан нэгэн гэхэд хилсдэхгүй л болов уу. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг дэндүү зарчимч, бас байр сууриа баримтлагч нэгэн. Энэ бол түүний бас нэг факт. 



Засгийн газарт багтаж, Аж үйлдвэрийн яамыг толгойлохдоо мань энэ уналтад орсон салбарыг сэв хийтэл өргөсөн гавьяатан гэж салбарынхан нь магтдаг л юм. Хэн мэдлээ. Гагцхүү  үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого шийдвэрүүд нь өдгөө ч ажил хэрэг болж яваа нь туйлын үнэн. Ганц тулгууртай эдийн засагт итгэж найдахын оронд дотоод нөөц бололцоогоо ашиглаж, эдийн засгийн өсөлтийн суурь нь экспортын тогтвортой орлого гэдгийг үйл хэргээрээ гэрчилсэн нь түүний факт. 



2016 оны сонгуулийн дараа АН ялагдлын шоконд оров. УИХ-ын сонгуулиар далаараа тавиулсан эл намынхан буруутныг өөр зуураа хайж, дараагийн сонгуулийг мартсан. Энэ үед шуургыг сөрж зогсон, намаа сонгуульд удирдан орсон хүн бол тэр. Үүгээр тэр үндэсний хэмжээний нам болохыг нотолсон нь өнөөх фактуудынх нь нэг. 



Энэ удаагийн ялагдал бол АН шинэчлэгдэх дохио гэдгийг хүлээн авч, өнгөрсөнтэйгөө зууралдаж суухын оронд ирээдүйгээ төлөвлөхөөр шийдсэн нь бас л тэр байв. Намын зургаадугаар их хурлын ажлын хэсгийн даргаар ажиллаж нээлттэй, гишүүдийн нам болох алхамыг хийсэн нь бас нэг факт нь.

Эцэст нь 2020 онд АН-ыг шинэчилж, нөхдөө эвлэлдүүлэн, итгэлцүүлэхийн зэрэгцээ ачааны хүндийг үүрч чадах төв цэг нь. Тиймдээ ч намын даргын сунгаанд эрүүл өрсөлдөөн хийж яваа нь ч бас факт юм. 



Л.Нинжсэмжид


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна