​З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгдлээ

2017/01/30
АН-ын удирдлагууд болон даргын сонгуульд оролцсон нэр дэвшигчид Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд З.Энхболд, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар оролцож Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар ирсэнгүй. 

АН-ын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар мэдээллийн эхэнд сонгуулийн дүнг танилцууллаа. Сонгуулийн дүнгээр нэр дэвшигч Н.Алтанхуяг 2033.08, Ж.Батзандан 1110.77, Л.Гантөмөр 1417.83, С.Эрдэнэ 2928.92, Д.Эрдэнэбат 857.22 оноо авсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зүгээс энэ үеэр, "Бид сунгаанд өрсөлдөхөөсөө өмнө хэн нь ч дарга болсон тэр хүнээ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс С.Эрдэнэ даргадаа амжилт хүсье. Таны ялалтыг хүлээн зөвшөөрч байна" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Би 4 нэр дэвшигчээ өрсөлдөгч гэж огт хараагүй. Бид цаашид намын шинэчлэлийнхээ төлөө хамтарч ажиллах болно" гэлээ.

Мөн "С.Эрдэнэ намын дарга болсон учир 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд та нэр дэвших үү" гэсэн сэтгүүлчийн асуултад З.Энхболд, “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн. 2020 он хүртэл ажил төрөлд очихгүй. Намын хүнд ажлаас холдож амармаар байна” хэмээн хариуллаа.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна