Парис хотод цахилгаан хөдөлгүүртэй, бага оврын, жолоочгүй автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд туршиж эхэлжээ. Туршилтаар үр дүнтэй нь батлагдвал ийм төрлийн тээврийн хэрэгслийн тоог цаашид олшруулах төлөвлөгөөтэй байна.
Одоохондоо хоёрхон ширхэг жижиг оврын автобус Лионы вокзалаас Парисын 13 дугаар тойрогт орших Аустерлицийн вокзал хүртэл явж байгаа аж. Эдгээр автобус өөр ямар ч тээврийн хэрэгсэл явах боломжгүй тусгай замаар явж байна.
Энэ автобус дугуйн дээр тавьсан авдар мэт харагдах бөгөөд 12 хүний багтаамжтай. Автобусан дотор алсын зайг хэмжигч болон олон тооны камер байрлуулснаар хүмүүс болон бусад тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөхөөс сэргийлжээ.Автобус нь жолоочгүй төдийгүй урд болон хойд талд нь кабин гэхээр зүйл огт байхгүй юм. Түүнээс гадна, эцсийн буудалд ирснийхээ дараа эргэхгүйгээр шууд буцаж явдаг аж.
Парис хотын дэд дарга Жан-Луи Миссика хэлэхдээ, жолоочгүй тээврийн хэрэгслийн ачаар хотын нийтийн тээвэрт удахгүй хувьсгал гарах бөгөөд ингэснээр том хотуудын оршин суугчдын амьдрал эрс өөрчлөгдөнө гэлээ. Цаашдаа хот хоорондын галт тэргийг ийм төрлийн автобусаар солих боломжтой гэж хотын удирдлага үзэж байна. Дээрх туршилтын үр дүн гурван сарын дараа гарах ажээ.
А.Хатангоо
Эх сурвалж: www.montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна