УИХ-ын гишүүн Б.Баярбаатартай ярилцлаа.
-Тэрбумтан Эпштейний Монголтой холбоотой асуудлаар зохион байгуулсан сонсголд нэг эмэгтэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Хүүхэд шарж идсэн” гэж ярьсан. Үүнээс болоод сонсголын үр дүн саарчихав уу гэж харсан. Ер нь сонсголын оролцогчдыг ямар шалгуураар сонгодог юм бэ?
-Ганц энэ удаагийнх ч биш, урьд өмнө болсон сонсголуудын үеэр хүмүүс орж ирж бодлоо буруугаар илэрхийлэх тохиолдол гарч байсан. Захиалгатай гэдгийг нь хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон тохиолдол ч бий. Хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Парламент 2018 оноос хяналт шалгалтын чиг үүргээ биелүүлэх хууль эрхзүйн орчинтой болсон. 2022 оноос Нүүрсний сонсгол зохион байгуулж, Оюутолгойн асуудлаар түр хороо байгуулах зэргээр хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бол зөв зүйтэй зүйл.
Парламент өнөөдөр ард түмнийг төлөөлөх, хууль тогтоох, хяналт хэрэгжүүлэх гэсэн үндсэн чиг үүргүүдээ биелүүлж байна. Хууль эрх зүйн орчин бол энэ чиг үүргүүдийг биелүүлэхэд иргэдийн оролцоог аль болох хангах талаас нь бодолцож боловсруулагдсан. Гэвч энэ нь эргээд ямар ч шалгуургүй, 14 хоног болдог цахим, нээлттэй бүртгэлд хэн дуртай нь овог нэр, регистрээ бүртгүүлээд л орж ирж байгаа нь өөрөө асуудал болчихоод байгаа юм.
Парламентын Хяналтын сонсголыг нэрнээс нь харсан ч тэр, иргэн орж ирэхдээ ажиглагч байдлаар орж ирж, үг хэлэхээр бол зөвхөн тухайн асуудалтай холбоотой мэдээлэл өгөх байдлаар үг хэлдэг болгох зохицуулалтыг бий болгох шаардлагатай. Энэ талаар Парламентад судаалтай намуудтай зөвшилцөж, хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр хойд бүсээр ажиллалаа. Иргэд ерөнхийдөө сонсголын үр дүнд сэтгэл хангалуун байна. Тухайн иргэний хувьд, нотлогдоогүй зүйл ярьсан учраас хууль хяналтын байгууллагаар шалгагдаад явах байх. Сонсгол даргалагч юм уу, шинжээчин амнаас гарсан үг биш байхгүй юу.
Сонсголоос үндсэн гурван үр дүн гарсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, хагас болон бүтэн өнчин хүүхдийн хамгааллын бодлого, хууль эрхзүйн орчин Монгол Улсад дутмаг байна гэдгийг гаргаж ирлээ.
Хоёрдугаарт, уул уурхай бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэгждэггүй юм байна гэдгийг ил болгоон. Энэ салбарт хийгдэж байгаа яриа хэлэлцээр, гэрээ байгуулах явцад гаднын нөлөөлөл орж ирж, хохирогч нь ард түмэн болдог. Жишээ нь 2015 онд Оюутолгой төсөл дээр байгуулсан Дубайн гэрээгээр Монголын талын ногдол ашиг авах хугацааг 2039 он хүртэл хойшлуулсан. Харин өнгөрсөн хугацаанд Засгийн газар яриа хэлэлцээр хийж байж 2027 оноос ногдол ашиг авахаар болж байна. Мөн Оюутолгойн лицензийг гаднын банкны барьцаанд тавих эрхийг нь олгочихсон. Үүнтэй холбоотойгоор зээл, зээлийн хүүнд монголчууд өдөрт 10-15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж өрөнд орж байгаа.
Гуравдугаарт, төрийн сонгууль гаднын нөлөөлөлтэй, гаднын иргэн хувь нэр дэвшигчийг дэмжиж Ерөнхийлөгчөөр сонгуулдаг, сонгуулсныхаа дараа Монгол Улсын эрх ашигт хохирол учруулахуйц криптовалют, койн гаргах асуудлыг ярилцаж байсан.
Мөн Монгол Улсын маш нууцын кодтой бичгийг гаднын иргэнд илгээж, тэр нь АНУ-ын Шүүхийн веб сайтад нээлттэй хэлбэрээр байна. Дараагийн чухал асуудал бол гадаадын хувийн тагнах чагнах байгууллагыг хөлсөлж, дотоодын улстөрчдөд гүйцэтгэх ажиллагаа явуулсан буюу тагнаж чагнаж чагнасан асуудал захидал харилцаагаар явсан. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Эдгээрийг ил гаргаж, олон нийтийн анхааралд оруулснаараа сонсгол үр дүнтэй болсон. Цаашлаад сэдэв болгоноор нь ярих юм бол тус, тусдаа асуудлууд үүсч байгаа учраас хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа эрчимжүүлээд шалгах асуудлууд байгаа гэж үзэж байна.
-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш ноцтой нөхцөл байдал тогтоогдсон юм байна. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах уу?
-Хандалгүй яах вэ. Хандахгүй бол болохгүй шүү дээ. Хандаж, илүү нарийн тогтоож, холбогдох хүмүүст хариуцлага тооцох нь чухал. Тэр дундаа Дубайн гэрээ гэдэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээрэй гэж би бүр онцгойлон хэлмээр байна. Бусад буюу өнчин хүүхэдтэй холбоотой асуудлыг нийгэм илүү эмзэглэж хүлээж авч байгаа. Гэтэл Монгол Улс эдийн засгийн алуурчны гарт орчихсон гол асуудал нь энэ уул уурхайтай холбоотой байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн энэ эдийн засгийн чадамжгүй байдал, иргэдийн ядуурал зэргийг бүрдүүлсэн гол шалтгаан нь Дубайн гэрээ, Оюутолгойтой холбоотой.
-Сонсголын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэл хийж, таны талаар дурдсан байсан. Та олж үзсэн үү?
-Харсан, харсан. Гэхдээ тэр хүний бодолд бий хариулах шаардлагагүй. Нотолсон зүйлээ ярих хэрэгтэй. Би ажлаа л хийж явсан байгаа биз дээ. Харин ч ажлаа хийсэн гэдгийг нотолсон байна. Түүнээс би хулгай хийж явсангүй. Хэн нэгний хооронд мөнгө төгрөг, авлига зөөж гүйж явсангүй. Үнэхээр нотолж байгаа зүйл байгаа бол намайг хууль хяналтын байгууллагад өг. Би шалгуулахад бэлэн. Би улс төрийн намд ажиллаж байсан учраас ажлаа хийгээд л явсан байж таарна. Хэн нэгний цүнх бариагүй. Сэдвийг нааш нь эргүүлж байгаа нэг хэлбэр л байлгүй дээ. Би түүнд нь эмзэглээд байгаа юм байхгүй.
-Тэргүүн хатагтай асан Х.Болормаагаас танд болон УИХ-ын дарга С.Бямбацогтод хандаж, хүүхдүүдтэй хийх уулзалтад ирэхийг хүссэн ч ирээгүй гэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Албан өргөдөл ирсэн. Гэхдээ сошиалд тавигдсантай утга агуулга нь нэг, гэхдээ арай өөр өргөдөл ирсэн. Уулзах шаардлага байхгүй. Шинжээч тэр хүүхдүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн шүү дээ. Тодорхой тооны хүүхдүүдийн мэдээлэл дутуу, сураггүй байна гэж...
-Хэдэн хүүхэд юм бэ?
-Хоёр хүүхдийн асуудал ярьсан шүү дээ. Хууль хяналтын байгууллага мэдээлэл хийсэн. Гэмт хэрэг зөрчилд холбогдчихсон нэг хүүхэд байгаа гэж. Мөн боловсрол эзэмшсэн байдлынх нь талаар холбогдох байгууллага мэдээлэл хийсэн. Жишээлбэл, тэр хүүхдүүдийн нэлээд нь бага ангийн боловсролтой явсан. Дээрээс нь шинжээчийн мэдээлсэн алт угаасан гэх асуудал байгаа. Мэдэгдэл дээрээ өөрөө бараг хүлээн зөвшөөрчихсөн байна лээ шүү дээ, алт угаалгасан гэдгээ.
Одоо би нэг зүйл хэлмээр байгаа нь, “Үрчилж авсан” гэдэг яриаг хаасан дээр. Яагаад гэвэл хүүхэд үрчлэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн нэг нь ч энд мөрдөгдөөгүй. Нэг ч хүүхдийн овог Элбэгдорж гэж солигдоогүй.
Бүтэн өнчин хүүхэд ч гэсэн хүн шүү дээ. Эд бараа биш. Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Гэтэл 2010 онд яаж байгаа юм бэ. Зүгээр нэг тушаал гаргаад хорин хэдээр нь нэг сан руу шилжүүлж өгч болдог юм уу. Энэ эмзэг асуудал. Хууль бус. Дараа нь “Болор сан” нэг жилийн хугацаатай асрах эрх авсан байсан, түүнийгээ сунгуулаагүй. Дансны хуулгыг нь татаж авч үзсэн. Хандив мөнгөтэй холбоотой зүйлс ажиглагдсан. Эдгээрийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой.
-Яг ямар зүйл ажиглагдсан гэж?
-Жишээ нь, “Рио Тинто” гэж компани “Болор” санд хоёр сая долларын байх аа, хандив өгсөн байна шүү дээ. Бичлэг нь явж байна.
-Дубайн гэрээний өмнө гэсэн үг үү?
-Тийм. Тэгээд би юу уриалах гэж байна гэхээр, асрамжийн газарт өсөж торниж байгаа олон хүүхэд байгаа. Энэ хүүхдүүдэд бүгдэд нь тэгш энэ хандивыг өгөөч ээ, “Рио Тинто”. Яагаад ганц тэр “Болор” санд өгч байгаа юм бэ. Эдгээрийн хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд шалгах ёстой гэж үзэж байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна