Д.Трамп: АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд байх болно

2017/01/31
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё Ан нар Умард Солонгосын эсрэг хамтын батлан хамгаалах хүчээ бэхжүүлэхээр тохиролцжээ. Д.Трамп тангараг өргөснөөсөө хойш анх удаагаа Өмнөд Солонгосын удирдагчтай утсаар ярьсан байна. Цагаан ордны мэдэгдсэнээр, тэд өчигдөр 30 минутын хугацаанд утсаар ярилцжээ. Д.Трамп хэлэхдээ “манай улс Өмнөд Солонгосыг цаашид ч хамгаалсаар байх болно” гэжээ.

Харин Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдэхдээ “хэрвээ Умард Солонгос дахин өдөөн хатгасан үйлдэл хийвэл хатуу хариу арга хэмжээ авах хэрэгтэй гэж Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван онцлон тэмдэглэсэн” гэв. Хариуд нь Д.Трамп хэлэхдээ “АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд “100 хувь” байх болно” гэсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттисын Өмнөд Солонгост хийх айлчлал энэ долоо хоногийн пүрэв гарагт эхэлнэ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хан Мин Кутай уулзаж, яриа хэлэлцээ хийх аж. Ажиглагчдын үзэж байгаагаар, Умард Солонгос цөмийн болон пуужингийн технологио улам боловсронгуй болгож байгаатай холбоотойгоор хэрхэн хариу арга хэмжээ авах асуудлыг талууд хэлэлцэх төлөвтэй байна.

А.Хатангоо
Эх сурвалж: www.montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна