С.Эрдэнэ: Л.Гансүхийн асуудлаар Ерөнхий прокурорт хандана

2017/02/06
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, нийт 6 асуудал хэлэлцжээ.

Тухайлбал, Эрүү болон Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд болон мэргэжлийн хүмүүсээс тайлбар авчээ. 

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээлэл авах байсан ч түр хойшлуулсан байна.

Түүнчлэн Засгийн газрын 200 дахь хоногийн үр дүнг ярилцснаас гадна УИХ-ын гишүүн асан Л.Гансүхээс ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцжээ.

Бүлгийн дарга С.Эрдэнэ "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаагүй. Гэхдээ тус бүлэг уг хуулийг авч хэлэлцээд МАН эрх барих хугацаандаа төрийн албаны бүх түвшинд давхар дээлтнүүдийг төрүүлэх гэж байгаа тул дэмжихгүй гэдэгт байр суурьд  нэгдсэн. Түүнчлэн Засгийн газрын 200 дахь хоногийн дүнг ирэх долоо хоногт дахин авч хэлэлцээд, олон нийтэд албан ёсны мэдээлэл тайлбар хийх нь зүйтэй хэмээн үзжээ. Тэд Засгийн газар хангалттай сайн ажиллахгүй байна. Сүүлийн нэг, хоёр өдрөөс харахад, бензиний үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэнийг нэрлэж болно гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн асан Л.Гансүх өмгөөлөгчөөрөө дамжуулан тус бүлэгт ирүүлсэн захидлын тухайд С.Эрдэнэ, "Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан. Гэр бүлийн хүн нь хүнд өвчтэй байгаа зэрэг олон шалтгааныг дурджээ. Бид бүлэг дээр ярилцаад бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар гарын үсэг зурж Улсын Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлэх шийдвэр гаргалаа. Бүлэг улс төрийн албан ёсны байр сууриа одоогоор илэрхийлэх боломжгүй гэж үзсэн учир гишүүдийнхээ хувиар Ерөнхий прокурорт хандахаар боллоо” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна