“Туршилтын хугацаа”-нд цалин олгодог байхаар хуулийн төсөлд тусгажээ

2017/02/08
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монголд үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нар шинэ ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр тодорхой хугацаагаар буюу 14 хоногоос нэг сар цалин хөлсгүй ажиллуулах нь элбэг бөгөөд энэхүү зөрчилдөө хариуцлага хүлээдэггүй билээ.

Тус хуулийн төсөлд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбогдуулан "туршилтын болон сургалтын хугацаа"-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс "Туршилтын хугацаа", "Дагалдан ажиллуулах хугацаа" гэсэн зүйлийг шинээр тусгажээ.

Мөн манай улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байдаг тул өргөн мэдүүлж буй уг төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмж тусгасан байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ тухайн цагийн ажилтан тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх нь зөв гэж үзлээ. Ингээд тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна