Парис хотын Эйфелийн цамхгийг террорист халдлагаас хамгаалахын тулд бэхжүүлж сайжруулсан шилээр 2.5 м өндөр хана барина гэж Францын албаны хүмүүс мэдэгдлээ. Парис хотын захирагчийн ажлын албаны мэдэгдсэнээр, “Евро-2016” хөлбөмбөгийн тэмцээний үеэр байрлуулсан төмөр хашааг буулгаж, оронд нь шилэн хана барих гэж байна.
Хэрвээ энэ төсөл батлагдвал хана барихад 20 сая орчим евро зарцуулах бөгөөд ханыг энэ оны сүүлчээр барьж эхлэх аж. 2015 оны 11 дүгээр сард 130 хүний аминд хүрсэн террорист халдлагуудыг лалын хэт давру үзэлтнүүд үйлдсэнээс хойш Францын нийслэл өндөржүүлсэн бэлэн байдал шилжээд байгаа билээ.
Өнгөрсөн оны долдугаар сард тус улсын өмнөд нутгийн Ницца хотод францчуудын үндэсний баяр болох “Бастилийн өдөр”-ийг тэмдэглэхээр цуглараад байсан иргэд рүү ачааны машинтай этгээд дайрч, 84 хүний амийг хөнөөсөн юм. Францын хамгийн алдартай газруудын нэг болох Эйфелийн цамхгийг жилд 6 сая гаруй хүн үзэж сонирхдог байна. Цамхаг руу хүмүүс нэвтэрч, тээврийн хэрэгслээр дайран орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ханыг барих гэж байна гэж Парис хотын орлогч дарга Жан-Франсуа Мартинс хэллээ.
А.Хатангоо
Эх сурвалж: www.montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна