2016 оны эцэст банкнуудын зээлийн үлдэгдэл татан буугдсан банкнуудын дүнг хасаж тооцсоноор 12.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2015 оны эцсийн үзүүлэлтээс зургаан хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2016 оны сүүлийн улиралд банкнууд гурван их наяд 94.2 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 38.1 хувиар буюу 854.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ.
Монголбанкны мэдээлснээр үйлдвэрлэл, худалдааны зээл олголт харьцангуй эерэг үзүүлэлттэй гарахад нөлөөлсөн боловч уул уурхай болон барилгын салбарын зээлийн жилийн өөрчлөлт сөрөг үзүүлэлттэй байна. 2016 оны эцэст олгоод байгаа нийт зээлийн үлдэгдлийг ангилан авч үзвэл, цалингийн болон тэтгэврийн зээл 28.5 хувь болох хамгийн их хэмжээг эзэлж байна. Энэ төрлийн зээл нь богино хугацаат байдгаас гадна зээлийн үлдэгдэлтэй байхдаа нэмж зээл авах боломжтой байдаг учраас эрэлт өндөртэй байгаа аж.
Тиймээс 2016 оны сүүлийн улиралд олгосон зээлийн талаас илүү хувийг нэг жил хүртэлх хугацаат, дараах их хэмжээг 1-5 жилийн хугацаат зээл эзэлж байгаа юм. Зээлийн үлдэгдлийг олгосон салбараар харвал, үл хөдлөх хөрөнгийн салбарт 16 хувь, худалдааны салбарт 14.1 хувь, барилгын салбарт 10.8 хувь байгаа нь хамгийн өндөр хэмжээ болж байна. Банкны салбарын чанаргүй зээлийн гол цөмийг худалдааны салбар, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын зээл бүрдүүлж байгаа ажээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна