"Чингис хаан" олон улсын нисэх буудлын 60 жилийн ой тохиож байна

2017/02/17
Монгол Улс олон улсад иргэний агаарын тээврийн гарцтай болоод нэгэн жарныг элээж байна. Чингис хаан олон улсын нисэх буудлын 60 жилийн ойд зориулсан “Хөх тэнгэрийн хаалга” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд ЗТХ-ийн дэд сайд Б. Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л. Бямбасүрэн нарын холбогдох удирдлагууд хүрэлцэн ирж, нисэх буудлын үйл ажиллагааны чиглэлийн цаашдын шинэчлэл, үйлчилгээний чанар стандартад гаргах ахиц амжилтын талаар давхар танилцуулсан байна. “Хөх тэнгэрийн хаалга” үзэсгэлэнг   02.17-02.24-нийг дуустал зорчигч, зочид төлөөлөгчдөд нээлттэй үзүүлэх аж.

1957 оны 2-р сарын 22-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” нисэх онгоцны төв буудал анх байгуулагдаж байв. Тус тогтоолд дурьдсанаар “Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны дэргэд БНМАУ-ын Агаарын харилцааны газрыг байгуулж, тус улсын гадаад, дотоодын агаарын харилцааг эрхлүүлсүгэй” гэж заажээ. Монгол улсын гадаад, дотоод агаарын харилцааны үйл ажиллагааг нэр бүхий яаманд хамаатуулсан нь иргэний агаарын тээврийн салбарыг стратегийн салбарт багтааж байсны түүхэн илэрхийлэл юм. Ийнхүү Монгол улс олон улсын нисэх буудалтай болсонд ЗХУ-аас баяр хүргэж, тухайн үед ИЛ-14 онгоцыг бэлэглэж байжээ. 

Иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагааны гол гүйцэтгэл гагцхүү нисэх буудлын нислэгийн зурвас хийгээд түүний эргэн тойрон дахь байгууламж, ажилтан, албан хаагчдын хариуцлагаас шууд хамааралтайгаар хангагдаж байдгийг Х. Чойбалсан тодотгосон нь энэ юм. Энэ агуулгаараа Олон улсын “ЧИНГИС ХААН” нисэх буудлын үйл ажиллагаа Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдох тулгуур салбар болохыг Сайд нарын зөвлөлийн 1957 оны тогтоолоор нотлон тэмдэглэжээ.

Уг түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “ЧИНГИС ХААН” нисэх буудлын хамт олон “Хөх тэнгэрийн хаалга” хэмээх салбарын үе үеийн хөгжлийг танилцуулсан үзэсгэлэнг  өнөөдөр /2017.02.17/ гаргаж байгаа нь 60 жилийн ойн арга хэмжээг угтсан үйл ажиллагааны эхлэл нь болж байгаа аж.

Далайд гарцгүй, дэлхийн хоёр том гүрэнтэй хиллэх геостратегийн онцлог газар зүйн бүтэцтэй Монгол улс үндэсний эдийн засгийнхаа тасралтгүй эргэлтийг хангах болон тус салбарын аюулгүй байдлыг хамгаалахад иргэний нисэхийн салбар чухал үүрэгтэй талаар 2013 онд УИХ-аас баталсан “Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгаад байгаа юм. Тухайлбал, агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжих, ОХУ болон БНХАУ-тай агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсыг энэ хоёр улсын хооронд агаарын тээврийн транзит үйлчилгээний төв болох чиглэлийг баримтлах зэрэг бодлогын үндсэн зарчмуудыг тусгасан байна. Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх техникийн болоод хүний нөөцийн суурь бааз нь “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд төвлөрдөг.

Тодруулбал Монгол улсын агаарын замын урсгал нь Ази-Европыг холбож байдгаараа тус сүлжээний аюулгүй байдлыг хангах олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэгтэй, Энэ хариуцлагыг “ЧИНГИС ХААН” онгоцны буудлын хамт олон үүрч явна. Цаашид ч ийм үүрэг бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэх суурь бааз тус байгууллагад төвлөрөх нь дамжиггүй.

Монгол улс иргэний нисэхийн салбарт баримтлах төрийн бодлоготой болсоны үр дүнд 2017 оны намар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товлогджээ.  Энэхүү томоохон арга хэмжээний өмнө “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудал энэ оныг “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх жил”-ээр зарласан байна.

Өнөөдрийн байдлаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харъяа Чингис хаан Олон улсын нисэх буудал нь цагт 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, 24 цагийн үйл ажиллагаатай ажиллаж байна. Удахгүй ашиглалтанд орох Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын үйлчилгээг амжилттай эхлүүлэхэд “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хүндрэлгүйгээр шилжүүлэх ажлыг Монгол улсын Засгийн газар  хариуцан ажиллаж  байгаа аж. 

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна