Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоо эмх замбараагүй байдал үүсгэсэн нь өнгөрөгч долоо хоногийн халуун сэдэв байлаа. Цагаан сарын дараах ажлын эхний өдөр буюу шинийн 4-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан нь үймээн, жижиг хэмжээний мөргөлдөөн, суулт өлсгөлөн зарлах хүртлээ даамжирч асуудал дагуулав.
Дүүргийн Засаг даргаар МАН өөрийн хүнээ томилох захирамж гарсантай зэрэгцээд иргэдийн төлөөлөл /Б.Пүрэвдавааг өмгөөлөгсөд/ дүүргийнхээ байран дээр суулт зарласан юм. Тэд хууль зөрчиж дүүргийн Засаг даргыг батламжилсан, ИТХ-ын сонгуульд оролцохдоо олон суудал авсан ч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шүүхэд дуудагдсан 6 хүний асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад эрх мэдлээр далайлган Засаг даргыг томилсон хэмээн эсэргүүцжээ. Тиймээс өөрсдийнх нь байранд эзэн суух гэсэн МАН-ынхныг оруулахгүй хэмээн хаалга үүдээ түгжиж бойкот хийв.
МАН УИХ, орон нутгийн түвшинд олонх болсон учир эрх мэдэл, сүр хүч тэдний талд байгаа. Эрх мэдлийнхээ хүрээнд шинэ дарга батламжилчихаад байхад суудлаа тавьж өгөхгүй гэдийсэн АН-д бяр чадлаа үзүүлсэн биз. Олон нийтэд ил харагдаж байгаа нь иргэн, цагдаа хоёрын мөргөлдөөн боловч эрх мэдлийн төлөө улайрсан хоёр талын эрх ашгийн зөрчил ард нь нуугдаж буй.
Асуудал ингэтлээ хурцадмал байдалд хүрсний учир юу вэ?
Орон нутгийн сонгуулийн санал хураалтын дүнгээр 41 мандаттай тойрогт АН-аас 22, МАН-аас 19 төлөөлөгч сонгогджээ. Гэвч тус дүүргийн 28 хорооны 24 хороонд нь ирц хүрээгүй учир 2016 оны 10-р сарын 23-ны өдөр хоёр дахь санал хураалтыг явуулсан байна. Харин 10-р сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо зургаан нэр дэвшигчийг хассан тогтоол гаргаад АН-ынхнаас “нууж” явсаар анхны хуралдаанаа хийх өдөр танилцуулсан байна.
АН-ынхны гомдоод байгаа учир нь “Хэрэв хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол нөхөн сонгууль явуулах асуудал ярих болохоос дүүргийн сонгуулийн хороо нь дур мэдэн хасч болохгүй, маргаан үүссэн 6 хүний хэрэг хоёр шатны шүүхээр явахад гэм буруу нь тогтоогдоогүй байхад МАН өөрсдийгөө олонх болсон мэтээр эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхээр улайрч байна” гэж үзэж буйтай холбоотой.
Харин нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ 41 төлөөлөгчөөс 6 төлөөлөгчийн асуудал шүүх дээр маргаантай, дахин сонгууль явуулж магадгүй байгаа учир 35 хүнээр олонх цөөнхийн асуудлыг шийднэ гэх тайлбар. Ингэж шийдвэл яалтчгүй МАН 19, АН 16 суудалтай болж таарна. Энэхүү тайлбарын араас БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Хуулийг буруу тайлбарлаж дүүргийн 41 төлөөлөгч биш 35 төлөөлөгчтэй гээд байгаа. Та бүхэн санаж байгаа бол хаврын УИХ болон нийслэлийн сонгууль дээр 45 төлөөлөгч бүгдээрээ байна. Тухайн үед хүмүүс гомдол гаргаж байсан ч нийслэлийн 45 төлөөлөгч 40 болж багасаагүй юм бэ. УИХ-ын 76 яагаад 75 болж багасаагүй юм бэ. Яагаад дүүргийн сонгууль дээр маргаан гарангуут 41 мандатыг багасгаад асуудлыг шийдэх гэж байгаа юм бэ.Сонгуулийн хороонд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс орсон. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн сонгуулийн хороог ахалж байгаа дарга нь хотын даргын томилдог субъект. Тиймээс анхнаасаа сонгууль зохион байгуулахад илэрхий нэг талд ажилласан хэлбэртэй. Үүнийг бид бичлэгтэй олон нийтэд ил болгоно” гэх зэргээр Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн үеэр ярьсан.
Тэгэхээр АН-аас нэр дэвшиж олонхын санал авсан ч мөнгө тараасан, сонгуулийн хууль зөрчсөн гэх асуудалд орооцолдон өнөөдрийг хүртэл үнэмлэхээ авч чадаагүй яваа 6 хүнийг шууд хасч өөрсдийгөө олонх гэж үзсэн МАН-ынхны шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхэд учир байна. Харин эмх замбараагүй байдлыг зогсоох гэсэн цагдаагийн алба хаагчид эрх баригчдын захиалгаар ажиллаж байна уу, иргэд хөлс авч жагсаал, суултад оролцсон уу гэдэг нь жижиг асуудал.
Засаг даргын захирамжаар томилогдсон гэх хэрнээ өрөөндөө орж чадахгүй яваа “гологдсон дарга” Э.Бат-Амгалан усанд автсан айлуудын гадаа очиж, архины хамаралтай орон гэргүй хүмүүсийн амьдралтай танилцлаа гэх зэргээр далд сурталчилгаа хийж яваа бол хуучин дарга Д.Пүрэвдаваа өөрийн хүмүүсээ улам бүр “сумлан” тэмцлээ суулт, өлсгөлөнгийн хэлбэрт шилжүүлээд байна.
Ямар ч үнээр хамаагүй эрх мэдлийг гартаа авах гэсэн эрх баригчдын санаархал, ямар ч аргаар болов эрх мэдэлтэйгээ үлдэх гэсэн АН-ын бойкот эцэстээ иргэдээ л хохирооно. Олон зуун мянган хүн амтай дүүргийн үйл ажиллагаа доголдож, төрийн ажил тасалдаж байгааг сэхээрэх хүн байна уу?
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна