Э.Бат-Үүл: Засаглах эрхийг хүчээр булаах гэж байна

2017/03/06
Баянзүрх дүүрэгт өнгөрөгч пүрэв гаригаас эхлэн эмх замбараагүй байдал үүсч дүүргийн үйд ажиллагаа доголдоод байсан. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийнх нь гаргасан захирамжийг түдгэлзүүлэх шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийсэн бол Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар мөн хэвлэлийн баг хурал зохион байгуул, байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн ИТХ-д АН-аас 22, МАН-аас 19 суудал авсан. Гэтэл тус дүүрэгт болсон явдлын талаар МАН-ынхан өрөөсгөл тайлбар хийж байна. Баянзүрх дүүргийн сонгуулийн тойргийн хороо өмнө нь 60, 64 дүгээр тогтоол гарсан. Гэвч энэ тогтоол нь хууль зүйд нийцэхгүй байгаа нь тогтоогдсон. Гэтэл 60, 64 дүгээр тогтоолоо хүчингүй болгочихоод утга агуулга адилхан 11, 12 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолыг үндэслээд хотын дарга С.Батболд Засаг дарга томилох тухай шийдвэр гаргасан байдаг. Энэ тогтоолыг Захиргааны хэргийн шүүхээс өнөөдөр хүчингүй болгож байна. Цагдаагийн алба хаагчид эрх баригчдын гар хөл боллоо, Баянзүрх дүүрэгт болсон явдал бол ардчилсан хэм хэмжээг давсан балмад үйлдэл” гэсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл мөн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Ард түмний сонголтыг орон даяар булааж авах үйл ажиллагаа явагдаж байна. Орон нутгийн сонгууль болоод таван сар өнгөрч байхад 74 сумын Засаг дарга томилогдоогүй байна.

Баянзүрх дүүрэгт болсон явдал шиг ард түмний сонголтоор бий болсон засаглах эрхийг хүчээр булааж авах гэж байна. Дарангуйлал тогтохын өмнөх үе буюу шүүх засаглалыг булаах гэж байна. Тиймээс ард түмэн сонор сэрэмжтэй байгаарай гэдгийг хэлэх гэж ирлээ” гэв.
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна