Монгол, Канадын Засгийн газар хоорондын хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

2017/03/10
Монгол, Канадын Засгийн газар хоорондын "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр" хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэллээ. Канадад болсон Дэлхийн хайгуул, уул уурхайн чиглэлийн хамгийн томд тооцогдох PDAC олон улсын чуулга уулзалттай зэрэгцээд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Канадын Олон улсын худалдаа хариуцсан сайд Франсуа Филипптэй уулзах үедээ энэ талаар зарласан байна. Энэхүү хэлэлцээрийн дүнд Канадын хөрөнгө оруулагчдыг татах таатай орчин бүрдэнэ гэж Монголын тал үзэж байгаа бол Канадын тал "Тус улсын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчныг баталгаажууллаа" гэдгийг онцоллоо. Канадын Статистикийн газрын мэдээлснээр 2015 онд Канадаас Монголд 6.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дүнд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт харилцаагаа өргөжүүлэх боломж бий болж байгааг Канадын Засгийн газар мэдээллээ. Үүнээс гадна Монголын төлөөлөгчид Торонтогийн Хөрөнгийн биржийн удирдлагуудтай уулзаж, Монгол болон Канадын Хөрөнгийн биржид компаниудыг давхар бүртгэх боломжтой талаар ярилцсан гэж “MIBG”-ээс мэдээллээ. Одоогоор Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй 10 гаруй компани Монголын уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Канадын цагаар пүрэв гарагт Монгол, Канадын Засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалт болох товтой байгаа юм. Уулзалтад Монголын талаар Гадаад харилцааны болон Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд нараар ахлуулсан төлөөлөгчид оролцоно.

Эргэн сануулахад, Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа Гацууртын ордтой холбоотойгоор "Засгийн газрын түвшинд хэлэлцээ хийж байгаа" гэдгийг санхүүгийн тайландаа дурджээ. Мөн дээрх ордын хөрөнгө оруулалтын болон орд ашиглах гэрээг байгуулах ажлын хэсгүүдийг байгуулж, удирдамж баталсан, энэ хүрээнд өмнөх хэлэлцээрийн түвшнийг ахиулах зарчмаар ажиллаж байна гэдгийг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яам өмнө нь мэдээлж байсан юм.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна