Улаанбаатар хот болон БНСУ-ын Сөүл хотын хооронд найрсаг ах дүүгийн харилцаатай болсноос хойш 22 жилийн хугацаа өнгөрч байна. Хоёр хотын найрсаг харилцааны хүрээнд гудамж талбайн тохижилт, соёл урлагын хамтын ажиллагаа, боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байсан ч бодлогын түвшинд томоохон бүтээн байгуулалт, орон сууцны бодлого хэрэгжүүлж байсан удаагүй билээ. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 9-11-ний хооронд“Нийслэлийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын Ерөнхий захирал Б.Сүхбаатар болон бусад төлөөлөгчид Сөүл хотод айлчлан хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа, төслийн талбартай танилцан туршлага судаллаа.
Сөүл хотын Орон сууцны корпораци нь газар шинэчлэн зохион байгуулах, орон сууцжуулах, болон орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдрах орчин дээшлүүлэх зорилгоор 1989 оны хоёрдугаар сард байгуулагдсан Сөүл хотын олон нийтийн байгууллага юм байна.
Айлчлалын үеэр “Нийслэлийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын Ерөнхий захирал Б.Сүхбаатар, Сөүл хотын Орон сууцны корпорацийн захирал Бён Чанг Хым нар орон сууцны хөтөлбөрт хамтран оролцож загвар төсөл боловсруулах, түүнтэй холбогдолтой судалгааны ажлыг хамтран зохион байгуулж ажиллах гэрээнд гарын үсэг зурав гэж Нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна