УИХ-ын гишүүн асан Д.Арвингаас болж 500 гаруй иргэн өлсгөлөн зарлах гэж байна

2017/03/20
-Энэ эмэгтэйн балгаар 10 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзсэн нь хамгийн том эмгэнэл- 

УИХ-ын гишүүн асан Д.Арвины буруу шийдвэр, үйлдлээс болж өдгөө 500 гаруй иргэн орох оронгүй, оочих аягагүй, гудамжинд өдөр хоногийг өнгөрөөж, эцэстээ өлсгөлөн зарлах замыг сонгоод байна. Уг нь одоогийн нийслэлийн удирдлагууд Гэр хороолллын дахин төлөвлөлтөд хамрагдаж хохирчихоод буй иргэдийн асуудлыг шийдэх үүднээс олон ажлыг ээлж дараатай хийсээр байгаа ч хохирогч гэх хүмүүс хэт олон.

Уг нь тус төслийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хотын хуучин удирдлагууд ямар ч тооцоо судалгаагүйгээр тендерт оролцож буй компаниудын аманд итгэж иргэд ийн олноороо хохирох болсон хэрэг. Мэдээж энэхүү төсөлд ямар ч бэлтгэл, туршлагагүй компани байсны нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Арвингийн “Их өргөө” ХХК. Тэрбээр анх энэхүү төслийг эхлүүлж байхдаа “Та бид сэтгэл зүрхээ нэгтгэж чадвал жил хагасын дараа шинэ орон сууцанд, жаргалтай сайхан амьдарч чадна. Тиймээс та бүхэн надад итгэ.

Би та бүхнийг орон сууцтай, үл хөдлөх хөрөнгөтэй болгохын төлөө зүтгэх болно” хэмээн хэлж 2014 ийнхүү найман байрны газрыг, нийтийн ээзмшлийн зам талбай болон иргэдийн байрны гэрчилгээг авсан байдаг. Түүнчлэн түүний заль мэх үүгээр ч дуусалгүй банкнаас иргэдийн газар, байрны гэрчилгээг барьцаалан их хэмжээний мөнгө авсан тухай асуудал ч одоо гарч ирж байна.

Д.Арвин иргэдийн хууль эрхзүйн мэдлэггүй байдлыг ашигласан

Түүнчлэн түүний иргэдтэй хийсэн гэрээ нь хэт нэг талын давуу байдлыг тусгасан, иргэдийн хууль эрхзүйн мэдлэггүй байдлыг далимдуулан хууран мэхлэх замаар хийсэн гэрээ байж болох талтайг ч хуульчид хэлж буй юм. Ямартай ч хүн амыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилтээс үүдсэн асуудал, хууль эрхзүйн орчныг бүрдүүлээгүй, төр засгийн алдаатай бодлогоос болж олон мянган айл өрх орох оронгүй болох аюул нүүрлээд байгаагийн нэг жишээ нь энэхүү “Сансар" хотхоны 500 гаруй иргэн.

Бүр тодруулж хэлбэл, Д.Арвин банкнаас зээл авахын тулд иргэдийн нүдэн дээр арав хоног жүжиг тоглож, хуучин барилгыг нурааж хэдэн хятад ажилчин авчран хоёрхон барилгын суурь цутгаж банкийг залилсан бол энэ нь өөрөө гэмт хэрэг. Энэ бүхний хажуугаар 500 гаруй иргэн хохироод зогсохгүй нас өндөр болсон зарим нэг нь өгсөн газар, байраа орон сууц ч болгож чадалгүй нөгөө ертөнцөд оччихоод байгаа нь туйлын үнэн. Өөрөөр хэлбэл, бүтэн гурван жилийн хугацаанд 500 гаруй иргэний амьдрал, хувь заяагаар нь тоглож байгаа Д.Арвин гэх эмэгтэйд хариуцлага тооцох эрх мэдэлтэй хүн байхгүй гэж үү..

Өлсгөлөнгөөс өөр үхлийн зам байгааг иргэд хэлж байсан

Үнэхээр л оршин суугчид “Д.Арвинд ичих булчирхай гэж алга” хэмээн хэлж байсан нь бодит үнэн. Уг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр АТГ-ын мөрдөгчид Д.Арвины “Их өргөө” компани дээр очиж компанийнх нь бичиг баримт болон компьютерийг нь битүүмжлэн авч явсан төдийгүй түүнд болон хүү Одод нь улсын хил давах хориг тавьсан.

Түүнчлэн одоогийн хотын удирдлагууд өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд иргэдтэй уулзахдаа тэднийг хохироогоод буй барилгын компанийн эздийг болохгүй бол хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ хэмээн хэлж байсан. Хэрвээ жирийн нэг иргэн Дорж, Дулмаа нар энэ мэтээр залилан хийж 10 гаруй хүнийг үхэлд хүргэсэн бол асуудал өөр тийшээ явах нь дамжиггүй. Тиймээс л хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой учраас 500 гаруй иргэний амьдрал хувь заяагаар тоглочихоод байгаа Д.Арвинд төр төмөр нүүрээ харуулж, түүнд хариуцлага тооцох нь зүйн хэрэг.

Хэрвээ төр засгаас “Сансар” хотхоны иргэдэд тулгараад буй энэ асуудлыг яаралтай шийдэх арга хэмжээ авахгүй бол тэд өлсгөлөн зарлаад зогсохгүй өөр хэдэн хүн амь насаараа дэнчин тавьж үхлийн ямар замыг сонгож байгааг бид таашгүй. Үнэн хэрэгтээ орон байр гэдэг бол ямар ч хүний үнэт хөрөнгө. Хүн үнэт хөрөнгөө босгохын тулд өөрийн залуу халуун насаа энэ амьдралдаа бүгдийг нь зориулсан байдаг. Тиймээс л төр засаг болон Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хариуцан ажиллаж буй дарга нар үүнийг ажил хэрэг болгож гудамжид гарчихаад буй 4.000 гаруй иргэний ядаж 500 гаруй хүнийх нь асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байх. 

Энэ бүх хариуцлагыг хэн үүрэх вэ

Яг үнэндээ орон байраа алдаж гудамжинд гарчихаад буй 500 гаруй иргэн Д.Арвинд бус Монгол Улсыг дээрээ төртэй, хуультай эрх зүйт төртэй учраас ийнхүү итгэсэн хэрэг шүү дээ. Тиймээс хүүхэд хөгшидгүй өлсгөлөн зарлахаар зэхэж буй “Сансар” хотхоны энэ асуудлыг холбогдох хүмүүс нь яаралтай анхааралдаа авч олон хүний амь нас үнэгүйдэхээс өмнө ажил хэрэг болговол ард түмэн баярлах нь лавтай.

Бидэнд олдсон мэдээллээр хууль хяналтынхан Д.Арвинтай холбоотой өмнө нь гарч байсан тендерийн асуудлуудыг нэг бүрчлэн шалгаж байгаа тухайг мэдээлж байсан. Хэрвээ уншигчид санаж буй бол Д.Арвин олон иргэнийг хохироогоод зогсохгүй бэрийнхээ компанид хууль бус тендер олгосон хэргээр шалгагдаж эхэлсэн тухай өнгөрсөн сард хэвлэлүүд шуугьж байсан.

Тодруулбал, тэрбээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт сайдын багцаас Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөлд 1.3 тэрбум төгрөг төсөвлүүлэн худалдааны төв байгуулах төсөл болгон өөрчилжээ. Улмаар уг төслийг ямар ч зураг төсөлгүй, тендер зарлалгүй, хэрэгжүүлэх эрхийг хүү Одынхоо эхнэрийн нэр дээр байдаг "Өү Ти Юү" компанид шилжүүлэн өгсөн гэх хэрэгт холбогдож хоёр асуудлаар ийн хууль хяналтын байгууллагад шалгагдах болсон тухан байсан юм. 

Хэрвээ хууль хяналтынхан Д.Арвингийн нэр холбогдож байсан олон тооны тендерийн асуудлыг сайтар нягтлан шалгавал түүнтэй холбоотой түрийвч нэг байсан олон улстөрч ил болно. Учир нь хаана их хэмжээний төсөв мөнгөтэй тендер зарлагдана тэнд Д.Арвин хамгийн эхэнд нэр нь явдаг байсныг бид бүгд мэднэ. Яг үнэндээ өнгөрсөн найман жилийн хугацаанд тэрбээр тухайн үед УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж энэ асуудлаас хөнгөхөн мултарч байсан удаатай.

Ямартай ч тэрбээр хуучин эрх мэдэл эд хөрөнгө нь туслана гэж найдан Монголын төрийг дорд үзэж 500 гаруй иргэнийг нэг нүдээрээ ч тоож харахгүй байгаа нь түүнийг хэн бэ гэдгийг гэрчилж байна. Тиймээс л Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг улс хэмээн олон улсад тунхагласан шигээ иргэнээ хайрлах цаг нь болжээ.

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна